Байгаль орчны сайд асан У.Барсболдыг их хэмжээний хувьцаа залилан мэхэлсэн хэмээн буруутгаж албадан саатуулсан ч батлан даалтад гаргажээ. Энэ талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалж “Түүнийг Хөшөөтийн нүүрсний уурхайн хувьцааг гадаадынханд зарсан. Ингэхдээ иргэдийн хувьцааг залилан мэхэлж авсан хэргээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж, өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт албадан саатуулсан” гэв. Түүнийг Хөшөөтийн нүүрсний уурхайн төслийн удирдагчаар ажиллаж байхдаа иргэдийн их хэмжээний хувьцааг ойр дотнынхоо хүмүүсийн нэр дээр шилжүүлэн залилсан гэж буруутгаж буй юм.
Прокурорын байгууллагынхнаас энэ талаар асуухад “Түүнийг эрүүгийн хэргийн сэжигтнээр тооцон гурав хоног албадан саатуулсан. Түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээ буюу цагдан хорих хугацааг сунгуулахаар УМБГ-ын мөрдөн байцаагч манайд хандсан. Бид мөрдөн байцаагчийн цагдан хорих хугацааг сунгах үндэслэлтэй танилцаад Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан ч шүүх манай хяналтын прокурорын хүсэлтийг хүлээж аваагүй. Тиймээс ар гэрийнхнийх нь батлан даалтад гаргасан” гэлээ. У.Барсболдыг Хөшөөтийн уурхайн багагүй хэмжээний хувьцааг завшсан гэж буруутгаж, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө, эсвэл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцсон аж.
НПГ-ын хяналтын прокурор М.Сүхчулуун түүнийг цагдан хорих хугацааг сунгуулах талаар Чингэлтэй дүүргийн шүүхийн цагдан хорих, албадан саатуулах асуудал хариуцсан шүүгчид хандсан боловч татгалзсан байна. Тиймээс тэрбээр Чингэлтэй дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Д.Цогтсайханд эсэргүүцэл бичсэн гэнэ. Уг хэрэгт НПГ-ын хяналтын прокурор М.Сүхчулуун хяналт тавьж буй бөгөөд түүнээс энэ талаар лавлахад “Мөрдөн байцаалтын ажиллагаа эхлээд удаагүй болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Таслан сэргийлэх арга хэмжээний тухайд шүүхийн эрх мэдлийн асуудал учраас тэднээс лавла” гэлээ. Чингэлтэй дүүргийн шүүхийнхнээс У.Барсболдод авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн болон прокурорын эсэргүүцлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодрууллаа. НПГ-ын хяналтын прокурорын эсэргүүцлийг Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгч өчигдөр хянан хэлэлцэх байсан ч хэлэлцээгүй аж.
Эх сурвалж “У.Барсболдыг сэжигтнээр тооцож, цагдан хорих хугацааг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан ч уг асуудлыг хариуцсан шүүгч татгалзаж шийдвэрлэсэн юм билээ. Цагдан хорих үндэслэл муутай, хил давж алга болохгүй, оршин суух тодорхой хаягтай, дахин гэмт хэрэг үйлдэхээр хүн биш, мөрдөн байцаалтын ажиллагаанд ямар нэгэн саад учруулахгүй” гэж үзсэнээс хориогүй юм байна. Энэ шийдвэрийг нь прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу ерөнхий шүүгчид гомдол гаргасан юм байна. Гэвч уг асуудлыг хэлэлцэхээс өмнө прокурор гомдлоо татаж авсан учраас өчигдөр хэлэлцээгүй” гэв.
Г.РАВЖАА