АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байденыг манай улсад албан ёсны айлчлал хийхээс хоёр цагийн өмнө буюу наймдугаар сарын 22-нд Буянт-Ухаа дахь “Чингис хаан” нисэх буудлаас ангийн болон байлдааны зориулалттай их хэмжээний сум оруулж ирсэн хэрэгт ТЕГ-ынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан аж. Энэ талаар тагнуулын байгууллагынхнаас тодруулахад “Уг хэргийг шалгаж байгаад түдгэлзүүлсэн. Учир нь тухайн галт хэрэгслийг манай улс руу явуулсан эзэн нь АНУ-д амьдарч байгаа юм билээ” гэв. Зарим мэдээллийн хэрэгслээр энэ хэрэгт Монгол, Хятадын зэвсгийн наймаачид холбоотой гэж байсан ч шалгалтаар тийм зүйл тогтоогдоогүй, АНУ-д амьдардаг монголчууд буу сумны дэлгүүрээс хямд авсан сумаа Монголд худалдаж ашиг олохоор явуулсан байсан гэнэ.