Авлигатай тэмцэх газрынхан албан байгууллага болон төрийн албан хаагчдаас хөрөнгө орлогын мэдүүлгийг нь авч дуусчээ. Тэд энэ талаар өчигдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийв. Тус байгууллагад 58 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ заасан хугацаанд ирүүлэх ёстой байснаас 64 нь огт өгөөгүй аж. Энэ нь өнгөрсөн оноос таваар буурсан дүн гэнэ. Шалгалтын үеэр хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн Сүхбаатар, Хэнтий, Булган, Дорнод аймгийн төрийн байгууллагуудын болон, Цөмийн энергийн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Цагдаагийн ерөнхий газрын нийт 18 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэх, 1-3 сарын цалингийнх нь 20 хүртлэх хувиар торгох, ажлаас халах хүртлэх арга хэмжээ авахыг холбогдох албан байгуулагад нь албан бичгээр хүргүүлсэн байна. Мэдүүлгээ өгөөгүй албан тушаатнуудыг шалгаж буй бөгөөд эцсийн дүн гарч, шалтгааныг нь тогтоосны дараа хуулийн дагуу зохих арга хэмжээ авах гэнэ. Түүнчлэн Авлигатай тэмцэх тухай хуулинд хууль бусаар хөрөнгөжсөн, мэдүүлэг өгөх хугацаанаас хоцорсон албан тушаалтанд эрүүгийн болон захиргааны хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх үндэслэл болно гэсэн ерөнхий заалттай байдаг аж. Харин үүнийг илүү нарийвчилсан хууль ирэх тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм байна.