Ерөнхийлөгч хуулийн байгууллагыг шинэчилж, шударга, хараат бус шүүхийн тогтолцоог бий болгохоо амлаж байсан. Энэ амлалтынхаа хүрээнд өнгөрсөн сард “Монгол улсын дээд шүүхийн шинэтгэл” сэдвээр чуулга уулзалт зохион байгуулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудыг хэлэлцүүлэх санал оруулсан. Харин энэ хуулийг бүрэн эрх нь дуусч байгаа УИХ-аар яаран хэлэлцүүлэх ёсгүй хэмээн Иргэдийн Шударга Шүүх ТББ-ынхан мэдэгдлээ.
Тэдний үзэж буйгаар манай улсад шүүхийн хуулийг шинэчлээд шүүх байгууллагын үйл ажиллагаа шударга болохгүй. Харин шүүгч, прокурор, хуулийн нэр далайлгаж шударга бус шийдвэр гаргадаг шат шатны албан хаагчдыг илчлэх, хариуцлага тооцох, алдааг залруулах ажлыг нэн түрүүнд хийх шаардлагатай байгаа гэлээ. Жирийн мөрдөн байцаагчаас эхлээд шат шатны шүүгч, прокуроруудын буруутай, хуудуутай ажиллагааны улмаас олон иргэн эрх чөлөө, эд хөрөнгө, эрүүл мэнд, нэр төрөөрөө хохирч байгаа жишээ олон байгаа. Шүүхийн бичиг хэргийн ажилтан алдаа гаргаж эх, охин хоёрыг гэр бүл болгон баталсан, байцаагчийн буруутайн улмаас хохирогч нь гэмт хэрэгтэн болсон гэх мэт бодит жишээ олон бий.
Тиймээс шүүхийн тухай хуулинд бус эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжуудад бодитой өөрчлөлт оруулж шүүгч болон хуулийн байгууллагын ажилчид албан үүргээ гүйцэтгэж байхдаа холбогддог гэмт хэргүүдийг шалгах хуулийн эрх бүхий этгээдийг оновчтой тодорхойлох, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалтыг хийх санаачлах шаардлагатай хэмээн мэдэгдлээ.
Мөн Ерөнхийлөгчид шүүгч нарын алдаатай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн гомдлыг хянан шалгах ажлын хэсгийг байгуулах саналыг уламжилж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, ЦЕГ дарга болон хууль хяналтын бусад байгууллагын дарга нартай нүүр тулан уулзах хүсэлт гаргасан юм.
Б.МАНДУХАЙ