Харь улсад элэг нэгтнээ худалдсан Г.Батдэлгэр нарын таван хүнд холбогдох хэргийг өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэхээр тав дахь удаагаа зарласан ч шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир хойшиллоо. Хэргийг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй. Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Н.Соёмбо-Эрдэнэ шүүгч М.Алдар, Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл нараас татгалзахаар шүүгдэгчдийн гаргасан саналыг хянаж үзээд хууль зүйн үндэслэлтэй бол шинээр шүүх бүрэлдэхүүнийг томилох бололтой.
Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нар нэр бүхий 5-6 эмэгтэйг Хонконг, Макао, Малайзад худалдаж, биеийг нь үнэлүүлэх ажлыг зохион байгуулсан хэрэгт холбогдсон юм. Г.Батдэлгэр нь тухайн үед 19 настай, БНХАУ-д суралцаж байсан бөгөөд хамтрагч нараараа дамжуулж охид, бүсгүйчүүдийг Макао, Малайз, Хонконгод өндөр цалинтай, бүжигчний ажилд оруулж өгнө хэмээн хуурч аваачин худалджээ. Г.Батдэлгэр хохирогчдыг дээрх газруудад хүргэдэг байсан бөгөөд Макаод худалдсан бүсгүйчүүдийнхээ орлогоос нь үйлчилгээнд гарсан тоо, цагийг нь бүртгэдэг дэвтрийг нь шүүж байгаад 10-20 хувийн татвар авдаг байсан аж. Түүнчлэн Малайз, Хонконгод бүсгүйчүүдийг бэлэн мөнгөөр худалдсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж.
Сүхбаатар дүүргийн шүүхээс өмнө нь Г.Бат дэлгэрт 11, Г.Ганзориг, Г.Чинзориг нарт 10 жил зургаан сар хорих ял эдлүү лэхээр шийдвэрлэсэн юм. Харин Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарын гэм буруутай нь хангалттай нотлогдоогүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож байсан ч дараа дараачийн шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш өдгөө болтол шийдвэрлэгдээгүй байгаа юм.
Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр болох байсан хурлын дараа хохирогчдын ар гэрийнхэн “Шүүгдэгч нар цаг хугацаа хожих, ял завших гэж өдий болтол хэргийг удаашруулж байна. Шүүгч нараас татгалзана гэдэг бол ял эдлэхгүй байх, шо ронд орохгүй нэг хоног ч гэсэн байх гэсэндээ ингэж байгаа юм” гэж байлаа.
Г.ЦОЛМОН