Нийслэлийн оршин суугчдыг цэвэр усаар тэтгэж байдаг Туул голын орчимд гольфын талбай байгуулахаар БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Туул ривер контрисайд” компани хэдэн жилийн турш хөөцөлдөж, эх орноо гэх сэтгэлгүй зарим нэг албан тушаалтны ивээлээр ажлаа эхлүүлсэн. Тус компанийнхан Гачуурт тосгоны Халиурын тохой гэх газарт гольфын талбай байгуулахаар болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гачууртын иргэд төрийн бус байгууллага байгуулж, нийслэлчүүдийн цэвэр усны эх үүсвэр болсон тус тосгоны орчимд байгаль экологид хор хөнөөл учруулсан энэ үйлдлийг зогсоохоор тэмцсэн юм. Иргэдийн тэмцэл шүүх хүртэл үргэлжилж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс Гачуурт тосгонд гольфын талбай байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Гэвч энэхүү шийдвэрийг гарахаас өмнө тус компанийнхан нийслэлчүүдийн цэвэр усны эх ундарга болсон Халиурын тохойн 15 га газрын хөрсийг 30-40 см зузаан хуулсан байсан. Сая гаруй хүн амтай нийслэлийн ундны усыг бохирдуулах байсан энэхүү байгууламжийг байгуулах 50 га газрын зөвшөөрлийг “Туул ривер контрисайд” ком панид “Спорт-аялал, амралт-жуулчлалын цогцолбор бааз” төсөл нэрээр хэрэгжүүлэхээр Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир олгосон юм. Солонгосчуудад олгосон зөвшөөрөл нь Байгаль орчны болон Усны тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн байснаас шүүхээс цуцалсан. Гэтэл тус компанийнхан Баянзүрх дүүрэгт авсан газраа орхиж, Хан-Уул дүүргийн нутаг, Био комбинатад Туул голын салааны нэг тохойд шинээр газар авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Туул ривер контрисайд”-ынхан газар авмагцаа Туул голын эргийн улиас, бургасыг бульдозероор түрж, цөөн хэсгийг нь шилжүүлэн суулгасан нэр зүүсэн юм. Тус компанийнхан “Био”-гийн ажилгүй иргэдийг хөлслөн хөрсийг нь эргүүлэн шинээр суулгасан газраа арчлуулах ажил хийлгэдэг ч олон хүн тэдэнд ам муутай байдаг юм билээ. Тиймдээ ч иргэдийн гомдол мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллагаас “Туул ривер контрисайд”-ын Монгол талын захирал Д.Нармандахыг Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагчаар татаж шалгасан юм. Мөрдөн байцаалтын явцад байгаль орчны шинжээч томилон тус компанийн үйл ажиллагаа явуулж буй талбайд экологи, эдийн засгийн үнэлгээ хийсэн. Шинжээчид “Ойн тухай хууль тогтоомж зөрчин улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулснаас экологид 140 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учирсан” гэж дүгнэжээ. Мөн Усны тухай хууль зөрчиж, голын хамгаалалтын бүсэд химийн бордоо ашиглаж байсан аж. Экологид онц их хэмжээний хохирол учруулсан энэ хэргийг Прокурорын байгууллагаас хянаад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байх юм. Чухам ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй. БНСУ-ын хөрөнгө оруулалттай энэ компанийнхан нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын орчимд гольфын талбай байгуулах гэж улайран зүтгэж байгааг гайхах хүн олон. Мэргэжлийн хүмүүс “Химийн хорт бодис, бордоо ашиглан, өвөл хүртэл ургах чадвартай зүлэг тарьсан. Энэ нь “Био”-гоос доош ундны усыг бохирдуулж, доройтуулах хэмжээнд хүрч байгаа. Тэдний тарьсан зүлэг нь доороосоо байнга чийг авч байх ёстой юм билээ. Тиймээс чийглэг хөрстэй Туул голын эргийг бараадуулж байгуулах гээд, ажлаа хялбарчлах гэсэн солонгосчуудын санаа байгаа юм. Туул голын нэг салаа нь тэдний “Био”-д авсан талбайг дайрч өнгөрдөг. Хөрсөнд шингэсэн химийн хорт бодис голын усанд шингэнэ. Тэндээс доош оршдог айлуудын мал Туулын уснаас ууна. Малчид ч ундандаа Туулын усыг нь хэрэглэж байгаа шүү дээ. Тиймээс голын сав дагуу оршдог иргэдийн эрүүл мэндийг бодсон ч, байгалиа, усаа хамгаалахаа санасан ч гольфын талбайн ажлыг зогсоож, экологид учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх ёс той байсан юм. Харамсалтай нь хуулийн байгууллагынхан хуулиа завхруулж, хэргийг хэрэг сэхгүй болгосон нь хуулийнхан шударга байж чаддаг гэхэд эргэлзмээр” гэж ярилаа.
Г.ЦОЛМОН