Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 2009 онд гарсан охидыг хүчирхийлэхийг завдсан, хутга тулган танхайрч, эд зүйлийг дээрэмдсэн, амь насыг нь хохироосон хэргийн эзэн холбогдогчийг ЭЦГ-ынхан өнгөрсөн жилийн сүүлчээр илрүүлсэн юм. Дээрх хэргийг ГовьАлтай аймгийн Шарга сумын харьяат, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг Ц.Батдэлгэр гэгч үйлджээ. Тэрбээр 2008 оны долдугаар сарын 16-нд Есөнбулаг суманд 17 настай Б-д хутга тулган, хүчирхийлж, 2009 оны нэгдүгээр сард М гэдэг охиныг хүчирхийлж, ул мөрөө баллахын тулд амь насыг нь хохироосон аж. Тэрбээр дээрх хэргээс гадна дахин хоёр ч гэмт хэрэг үйлджээ. Шарга сумаас аймгийн төвд очин гэмт хэрэг үйлдээд буцаад алга болдог түүнийг тухайн үед хэн ч сэжиглээгүй аж. Дээрх онц хүнд гэмт хэргүүдийг шалгаж, аймгийн прокурор П.Эрдэнэбат яллах дүгнэлт үйлдэн Гавь-Алтай аймгийн Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна. Түүнийг тус аймаг дахь Цагдан хорих төвд хорьж байгаа бөгөөд шүүх хурлын тов энэ сарын 19-нд тодорхой болох аж. Ц.Батдэлгэр нь 2007, 2009 онд хулгайн хэргээр шийтгүүлж байсан нэгэн бөгөөд мөрдөн байцаалтын явцад удаа дараа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээсэн байна.
Г.ЦОЛМОН