Төрийн холбооны газрын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, Кибер аюулгүй байдлын газар байгууллаа. Энэ өөрчлөлттэй холбогдуулан Төрийн ордны холбоо, техникийн үйлчилгээний тасгийг Төрийн тусгай хамгаалалтын газарт, 26-гаар эхэлсэн суурин холбооны үйлчилгээг “Монголын цахилгаан холбоо” ХК-д шилжүүлж, 92-той утасгүй суурин үйлчилгээг хэрэглээнээс хасахаар болов. ТЕГ-аас Кибер аюулгүй байдлын газар байгуулах бэлтгэлийг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийсэн бөгөөд үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлын нэг болж буйтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай 312 дугаар тогтоол гаргасан юм. Тагнуулын байгууллагын тухай хуулиар тус байгууллага нь төрийн мэдээлэл, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Шинээр байгуулж буй газар нь төрийн байгууллагууд, онц чухал дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, кибер халдлагаас хамгаалах, хариу арга хэмжээ авах үндэсний систем байгуулах, аюулгүй байдлыг нь хангаж ажиллах, мэдээллийн аюулгүй байдлын дүн шинжилгээ, эрсдлийн үнэлгээ тогт мол хийх, үнэлгээ зөвлөмж өгөх, тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ байгуулж, төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг уг сүлжээгээр дамжуулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж.
Г.ЦОЛМОН