Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн орон нутагтаа гарсан хууль бус үйлдлүүдийг өөгшүүлэн, хаацайлж байгаа учраас тус аймгийн Ардчилсан намын гишүүд АТГ-т хандаж шалгуулах хүсэлт гаргаад байна.
Улсын төсвөөс санхүүжүүлэн өнгөрсөн онд тус аймагт бүтээн байгуулсан Өндөр Гэгээн Занабазарын сэргэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэнг барих явцад 200 гаруй сая төгрөг завшсан. Эрх мэдлээ хэтрүүлэн албан тушаалын томилгоо хийж, аймгийн төвийн А зэрэглэлийн бүсийг танил тал, гэр бүлдээ өмчлүүлсэн. Аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаас хандив нэрийн дор их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж хувьдаа завшсан. Татвар төлөгчдийн мөнгөөр 35 хүнийг Сингапурт аялуулсан гэх зэрэг хууль бус үйлдэл нь хэрээс хэтэрсэн хэмээн үзэж Д.Тогтохсүрэнг шалгуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлжээ. Өвөрхангай аймгийн Ардчилсан намын гишүүд эл асуудлыг үнэн зөв шийдвэрлэх хүртэл улс төрийн шат дараалсан үйл ажиллагаа явуулахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Тэдний мэдээлснээр Өвөрхангай аймгийн удирдлага нэгэн гэр бүлийн мэдэлд ороод байгаа учраас жирийн иргэд нь аж төрөх аргагүйд хүрээд байгаа гэнэ. Өвөрхангай аймгийн хөгжил, бүтээн байгуулалт, эдийн засгийн чадавх цаасан дээр өндөр хувьтай гарч байгаа хэдий ч бодит байдал дээр нутгийн ард иргэд ядуу, дорой амьдарч байгаа. Тиймээс нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэ мэт хууль бус үйлдэлтэй Ардчилсан намын гишүүд, дэмжигчид тэмцэж байгаа юм байна.