Өмнөговь аймгийн нутаг, улсын хил дагуу оршдог Цагаан хад гэх газрын орчмоор иргэд палеонтологийн ховор дурсгал БНХАУ руу гаргах гэж байсныг хилчид илрүүлэн таслан зогсоов. Хилийн тагнуулын албаныхан гүйцэтгэх ажлын шугамаар Дундговь аймгийн иргэн Ө, Ц нар арслан зааны соёог БНХАУ-ын иргэнд 10 сая төгрөгөөр худалдах гэж байгаа тухай мэдээлэл авчээ. Үүний дагуу тусгай ажиллагаа зохион байгуулж, улсын хилээр гаргах гэж байхад нь хураан авсан аж. Хилээр гаргах гэж байсан уг зүйл юу болохыг тодруулахаар ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллаж байгаа эрдэм шинжилгээний ажилтан Б.Майнбаярыг Гашуунсухайтын хилийн боомтод аваачин шинжлүүлсэн байна.
Тэрбээр хилчдийн хураасан зүйлийг арслан зааны соёоны их биеийн хэсэг гэж дүгнээд “Хилчдийн илрүүлсэн энэ зүйл бол палеонтологийн ховор олдвор. Соёог хараад насыг нь шууд тодорхойлох бо ломжгүй. Гэхдээ чулуужиж амжаагүй байхыг нь харахад 10-14 мянган жилийн өмнө амьдарч байсан болов уу. Монгол Улсын том том голын сав газраас эрүү, шүд, соёо гэх мэт зүйл олддог. Байгалийн түүхийн музейд Төв аймгийн Жаргалант сумаас олдсон хос соёо бий. Арслан зааны уг соёог олсноос хойш нэлээд хадгалсан бололтой. Учир нь уг олдвор газрын хөрсөнд чийглэг орчноос гараад хатаж, хагарч гэмтжээ. Уг ховор олдворыг хил давуулахаас өмнө илрүүлсэн хилчдэдээ баярлалаа.
Бид хамтарч ажиллавал түүх соёлын олон арван үнэт зүйлсийг эх орондоо үлдээх боломжтой гэдгийг энэ удаагийн явдал харууллаа. Соёлын үнэт өвийг эд мөнгөөр үнэлэх боломжгүй” гэв. Хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан арслан зааны соёог Улаанбаатарт авчирч, энэ сарын 21-нд ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал А.Лхагвасүрэн ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэж өгсөн аж. Түүх соёл, археологи, палеонтологийн хосгүй үнэт олдвор бүтээлүүдийг хил давуулахыг завдсан хүмүүсийг Хилийн тагнуулын албаныхан үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, академич Р.Барсболд “Археологи, палеонтологийн үнэт өв харь оронд за рагдахаас өмнө олж манайд хүлээлгэн өгч байгаад баяртай байна. Соёоны их биеийг ажиглахад одоо байгаагаасаа бараг хоёр дахин том байсан болов уу. Манай улсын Төв аймгийн Жаргалант, Булган аймгийн Энхтолгой, Бугант, Сэлэнгэ, Шарын гол орчмоос их олддог. Соёог судлах гэж аваагүй нь тодорхой. Учир нь анхан шатны гарал үүслийн бичиг байхгүй байна. Ийм зүйлсийг гадаадын баячууд чамирхах үүднээс худалдаж авдаг” гэв.
Г.ЦОЛМОН