Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр 14.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн. Гэвч ирэх сарын 14-ний 09.00 цагт хэлэлцэхээр болж хойшлуулав. Учир нь яллагдагчаар татагдсан цагдаагийн хурандаа О.Зоригтын өмгөөлөгч хагалгаанд орох болсон учир ийн хойшлуулснаа шүүх бүрэлдэхүүн танилцуулав.
Шүүх хуралд “Цагдаа ар гэрийн холбоо”-ныхон болон цагдаагийн ажилтнуудын ар гэрийнхэн ирсэн байв. Тэдний дунд цагдаагийн ажилтнууд ч цөөнгүй харагдлаа. “Шударга ёс-хууль”, “Үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн ажилтнуудыг яллах ёсгүй”, “Цагдаа улс төрийн золиос биш” гэх мэтээр бичиж, цагдаагийн ажилтнуудыг яллах гэж буйг эсэргүүцэж байгаагаа тэд илэрхийлж байв.
Ш.НАРАНГЭРЭЛ: МОНГОЛЫН ТӨРД ҮНЭХЭЭР ГОМДОЖ БАЙНА
Хошууч генерал Ч.Амарболдын эхнэр Ш.Нарангэрэлтэй шүүх хурлын өмнө уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-Цагдаагийн ажилтнуудыг шүүх хурал одоо эхэлнэ. Та өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүний хувьд юу гэж дүгнэж байна вэ?
-Хууль зөрчиж байна гэж би үзэж байна. Зүйлчилсэн зүйл анги нь цэргийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ногдуулдаг. Гэтэл манай нөхөр цэргийн гэмт хэрэг үйлдээгүй. Долоодугаар сарын 1-ний үймээнийг тараах ажилд дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг огт ашиглаагүй юм билээ. Хэрвээ ашигласан бол цэргийн гэмт хэрэг гэж үзэх үндэслэл болох байх. Түүнээс гадна миний хань ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байсан, эсэхийг хэлж мэдэхгүй юм. Дэд даргын статустай ажил үүргээ гүйцэтгэж байсан хүн шүү дээ.
-Ч.Амарболд генерал үймээний үеэр хэрхэн ажиллаж байсан бэ. Та нөхөртэйгөө холбогдож юу болж байгааг асууж байв уу?
-Долоодугаар сарын 1, 2-нд гэртээ ирээгүй. Утсаар ярьж, юу болж байгааг надад ярих завгүй байсан. МАХН-ын байр, талбайн орчим юу болж, залуус хэрхэн танхайрч, ажлаа хийж буй цагдаагийн ажилтнуудыг яаж зодож, гэмтээж, дээрэм тонуул хийж буйг би зурагтаар харж байсан. Үнэхээр их айсан. Миний хань тэр бүгдийг зохицуулахын төлөө бүх чадлаараа ажилласан гэдгийг олон хүн мэднэ. Нөхөртэйгөө холбогдохыг удаа дараа оролдсон боловч утас нь ямар ч завгүй байсан. Аргаа бараад шөнийн 01.00 цагт жолоочтой нь холбогдоход “Дарга төрийн ордонд завгүй ажиллаж байна. Тантай ярих боломжгүй байх аа” гэсэн.
Үймээний үеэр юу болсон, танхай хүмүүсийг таслан зогсоохын төлөө цагдаа нар хэрхэн ажиллаж байсныг олон нийтэд дахин үзүүлээсэй гэж бодох юм. Даанч бидний бэл бэнчин хүрэхгүй юм. Монголын төрд үнэхээр гомдолтой байна. Миний хань сайн, муу бүх зүйлд хамгийн түрүүнд явдаг байсан. Онгоц осолдлоо, гал түймэр гарлаа, гэмт хэрэгтнүүд зэвсэглэн дайрлаа гээд л хүнд хэцүү бүрт “Амарболд яв, илрүүл, таслан зогсоо” гэхэд миний хань “Гүйцэтгэе” гээд л шууд явчихна. Эцэс сүүлд нь ийм хэрэгт гүтгэх гэж. (уйлав)
-Сүүлийн үед цагдаагийн ажилтан буудсан нь тогтоогдлоо гэсэн мэдээлэл гарах болсон. Цагдаагийн дарга үүрэг өгөөд, ажилтнууд нь буудсан баримт байдаг юм болов уу?
-Байдаггүй юм билээ. Амараа хэрэгтэй танилцаад “Нараа, ийм зүйл байдаг юм байжээ. Сайн, муу олон юм үзэж байлаа. Хүнийг ор үндэсгүйгээр ингэж гүтгэж болдог юм байх даа. Биднийг ийн яллах гээд байгаа Монголын төрд харамсаж байна” гэж надад хэлсэн. Ч.Амарболд үнэнч, шударгаар ажилласан гэдэгт итгэлтэй байна. Бууд гэж тушаал өгөөгүй гэдгээ удаа дараа надад хэлдэг. “Хаанаас юу ороод ирэв, үймээнийг далимдуулж хэн иргэдийг буудчихав. Үүнийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нарийн шалгах байсан юм” гэж байсан. Дөрвөн жилийн хугацаанд үр хүүхэд, гэр бүлийг маань сэтгэл санаа, эрүүл мэндээр нь хохироолоо. Үнэн гэж байдаг бол шүүх асуудлыг зөв харж, үнэнийг олно гэдэгт итгэж байна гэв. Шүүх хуралдааны танхимд ял лаг дагч на рын ар гэрийнхэн ирсэн байв.
Шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар шүүх хуралдаан хаалттай болохыг хэлээд яллагдагч, өмгөөлөгч, хохирогч нарыг үлдээгээд бусдыг нь гаргалаа. Хурандаа Ш.Батсүхийн ээж 73 настай Д.Цэсэн гуай “Миний хүү иргэдээ бууд гэж хэлэх хүн биш. Би хүүгээ хэнээс ч илүү мэдэж байна. Хүү маань төрдөө үнэнчээр зүтгэж явсан нэгэн. Энэ хэргээс хойш эмээ нь цус харваж, сайн ярьж чадахаа больсон. Ажлаа үнэнчээр хийж байсан хүмүүсийг арай ч хорьж, цагдахгүй байх гэж итгэх юм” гээд уйлав.
Хохирогчдыг төлөөлж талийгаач Э.Доржсүрэнгийн аав, ээж ирсэн байв. Ээж Д.Үржинсүрэнтэй уулзахад “Энэ хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэж байсан Ч.Амарболд нарыг буруутай гэж би боддог. Онц байдал зарласан бүсэд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд зүйлийг хамгаалах ёстой гэсэн хуулийн заалт байдаг юм билээ. Гэтэл Онц байдал зарласан хойно таван иргэн амь насаа алдсан. Эрх мэдэлтэй энэ хүмүүс яагаад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм бэ. Үүргээ биелүүлээгүйн төлөө тэд хариуцлага хүлээх ёстой.
-Талийгаач нарыг хэзээ буудсан нь тодорхой бус гэсэн мэдээлэл байдаг?
-Онц байдал зарласнаас хойно буудсан юм билээ. Манай хүү хамгийн түрүүнд буудуулсан. Хүүг маань 01.45 цагт эмнэлэгт хүргэж ирсэн залуусыг цагдаа нар хөөж гаргаад, “Хохь чинь” гээд хүүг маань өшиглөсөн гэсэн. Цагдаагийн байгууллага дотор үнэнч хүмүүс бас байна шүү дээ. Тэр оройдоо бууны цохилуурыг өөрчлүүлсэн тухай тэд бидэнд хэлсэн. Манай улсад гэрчийг хамгаалах эрх зүйн орчин байхгүй болохоор сайн санаат хүмүүсийг илчилж болохгүй байна гэж ярив.
О.АЛТАНГЭРЭЛ: ШҮҮХ ХУРЛЫГ НЭЭЛТТЭЙ ЯВУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
Хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Шүүх хуралд та ямар хүсэлт гаргасан юм бэ?
-Би гурван хүсэлт гаргалаа. Эхнийх нь шүүх хурлаа ард түмний өмнө нээлттэй хийж өгөөч гэсэн. Үнэнийг л олох гэж байгаа юм бол нээлттэй хийх ёстой. Яллагдагч нарт нууж хаагаад байх зүйл байхгүй. Энэ хүсэлтийг шүүх хүлээж авахгүй бололтой. Мөн энэ шүүх хуралд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан нарыг оролцуулах хүсэлтээ гаргасан. Түүнээс гадна гэрчүүдийг оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авлаа.
-Нэр дурдагдсан хүмүүсийг буруутай гэж үзэж байгаа юм уу?
-Энэ хүмүүс Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, үй мээнийг тараах штабт ажиллаж бай сан. Гэтэл яагаад ганцхан гишүүнийг эрүүгийн хэрэгт татаад байгаа юм бэ. Иймд тэднийг ч бас хуралд оролцуулж, шүүхийн өмнө үнэнийг хэлүүлэх ёстой.
-Сумны хонгио, бууд гэсэн тушаал өгсөн, буудсан гэдэг нь нотлогдлоо гэх мэт мэдээлэл гарах болсон. Энэ үнэн юм уу. Хавтаст хэрэгт энэ тухай баримт байгаа юу?
-Мөрдөн байцаалтын нууц гээд бид хэргийн талаар ярих боломжгүй байсан. Харин одоо шүүхэд шилжсэн болохоор үнэн бодит баримтыг дэлгэх эрхтэй. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба ноцтой зүйл илрүүлсэн мэтээр ташаа мэдээлэл өгч байсан. Энэ бол ор үндэсгүй, нотлогдоогүй зүйл. Энэ хэрэгт дутуу шалгасан, шалгах шаардлагатай олон зүйл байдаг. Одоо байгаа баримтад яллах ямар ч боломжгүй. Бууд гэж тушаал өгсөн тухай ямар ч баримт байдаггүй. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны удирдлага ч энэ тухай ярьдаггүй.
-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн үзүүлсэн хонгио, өдрийн тэмдэглэлийг нарийн шалгасан юм болов уу?
-Шалгаагүй, уг нь үүнийг нарийн шалгах ёстой. Түүний үзүүлсэн хонгиог буутай харьцуулаад шалгах бүрэн боломж байна. Үүнийг шалгаж, нягтлахгүй, энэ хүмүүст хүчээр ял тулгаад байгааг олон хуульч эсэргүүцэж байр сууриа илэрхийлдэг юм.
-Бууны цохилуур сольсон гэх мэдээлэл олны анхаарлыг татдаг. Энэ тухай ярьсан гэрч мэдүүлэг, баримт хавтаст хэрэгт байна уу?
-Тийм яриа байдаг юм билээ. Гэхдээ бууны цохилуур сольсон гэх асуудалд нэр дурдагдсан хүмүүс “Би тэр үед эмнэлэгт байсан, намайг саатуулсан” гэх зэргээр өөр өөр зүйл ярьж, үүнийгээ баталгаажуулж гарын үсэг цуглуулсан юм билээ гэв.