2008 оны долоодугаар сарын 1-ний хэрэгт тухайн үед цагдааг удирдаж байсан дарга нарыг эрүүгийн хэрэгт татаад багагүй хугацаа өнгөрлөө. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Цагдаагийн ерөнхий газрын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нар сар шинийн өмнө Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд гаргасан хүсэлтдээ “Биднийг ялласан зүйл анги огт тохироогүй байна. Эрүүгийн хуулийн аравдугаар хэсэгт багтсан зүйл анги нь цэргийн гэмт хэрэг, тодруулбал батлан хамгаалах, хил, дотоодын цэргийн албан хаагчдад хамааралтай зүйл анги гэдгийг удаа дараа хэлсэн. Үүнээс гадна ээдрээтэй энэ хэргийн гэм буруутныг тогтоох нотлох баримт хангалтгүй, хэрэгтэй танилцах хугацаа хомс байсан гэдгийг онцолъё. Иймд хугацааг сунгаж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлтэй байгааг хүлээн авна уу” гэжээ.
Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнээс энэ тухай тодруулахад “Шүүх хурал маргааш (өнөөдөр) 14.00 цагт энэ хүсэлтийг хүлээж авах, эсэхээ хэлэлцэнэ. Улсын нууцтай холбоотой асуудал энэ хэрэгт багтаж байгаа учир хаалттай болно” гэв. МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Ж.Бямбаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Цагдаагийн дарга нар хавтаст хэрэгтэй танилцах боломж олгосонгүй гэсэн хүсэлт шүүхэд гаргасан. Ийм үед ямар шийдвэр гаргах ёстой вэ. Хуульд юу гэж заасан байдаг вэ?
-Хуульд зааснаар яллагдагч, хохирогч аль аль нь гомдол гаргах эрхтэй. Шүүх гомдол, хүсэлт гаргасан нь хэр үндэслэлтэйг судлах ёстой. Хэрэгтэй танилцах хугацаанд боломжоо хэр ашигласан, эсэхийг шүүгч судалж, дүгнэдэг.
-Шүүхэд гаргасан гомдол хүсэлт нь үндэслэл муутай гэж үзвэл шүүх хурлаа үргэлжлүүлэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Гомдол гаргасан бүхнийг хүлээн авч, хурлаа хойшлуулаад байвал шүүхийн ажил явахгүй шүү дээ. Шүүх хурлыг хойшлууллаа гэхэд хохирогч талынхан гомдол гаргах эрх нь нээлттэй. Энэ бүгдийг харгалзан шүүгчид эцсийн шийдвэрээ гаргадаг гэв.
Х.ОЮУНСҮРЭН