Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчид эртний эдлэл, бурхан тахил хулгайлж, дээрэмддэг бүлэг залууст холбогдох хэргийг шийдвэрлэж 12-17 жил хорих ял оноогоод байгаа. Гэвч энэ хэргийн холбогдогч нарыг УМБГ-т дахин шалгаж магадгүй болжээ. Учир нь уг гэмт этгээдүүдийг мөрдөн байцаасан дөрвөн жилийн хугацаанд цагдан хорих хугацаа нь дуусаж, батлан даалтад гарсан аж.
Гэтэл энэ хугацаандаа сэжигтэн Д.Болдбаатар нь ах дүү нартайгаа нийлж, цахилгаан дамжуулах трансформатор хулгайлж байсан юм. Түүнээс хойш буюу өнгөрсөн жил удаа дараа мал хулгайлж, иргэдэд их хэмжээний хохирол учруулжээ. Тиймээс давж заалдах шатны шүүх гэмт этгээдүүдийн үйлдсэн хэргийг нэгтгэн шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд буцааж болзошгүй байна.
Энэ хэргийн хохирогч олон хүн “Урт цагаан”-д эртний эдлэлийн ченж гэгдэх Гантөгс, Шинэжил нар хохирол төлөх учиртай, хуулийн байгууллагынхан хуйвалдан гол захиалагчдыг хэргээс мулталсан гэж мэдүүлсэн байх юм. Эртний эдлэлийн ченж нэртэй “луйварчид” яагаад хэргээс мултарсан бэ гэдгийг бид сурвалжиллаа. Хэнтий аймаг, Багануур дүүрэгт 2003-2007 онд гарсан бурхны хулгай дээрмийн хэргийг үйлдсэн Д.Болдбаатар, Г.Эрдэнэбилэг нарын 14 хүнд холбогдох хэргийг ЭЦГ, УМБГ, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд хамтран 2007 онд илрүүлсэн юм. Мөрдөн байцаалтын явцад уг хэргийн холбогдогч Д.Болдбаатар нь “Айлуудаас тоносон бурхан тахил, эртний түүх соёлын дурсгалуудаа “Урт цагаан”-д эртний эдлэлийн ченж Гантөгс, Шинэжил гэдэг хүмүүст зарсан” гэж тайлбарласан юм билээ. Үүнээс үүдэн уг хоёр этгээдийг цагдаагийн байгууллага хэргийн хамтран оролцогч, захиалагч гэж сэжиглэн шалгаж эхэлсэн байна. Тэд “Урт цагаан”-д сүүлийн 10 жил эртний эдлэлийн ченж нэрийн дор түүх, соёлын дурсгал, хосгүй үнэт бүтээл худалдан авч байгаа аж.
Гэвч хэрэгт холбогдож байсан удаагүй гэнэ. Хэрэгт холбогдсон ганц тохиолдол нь Д.Болдбаатар, Г.Эрдэнэбилэг нарын хулгайлсан эд зүйлийг худалдан авсан явдал. Гэвч тэд хуулийн цоорхой, 2008 онд тухайн үеийн УИХ-ын гишүүдийн гэмт хэрэгтнүүдийг хамгаалсан өөрчлөлт Эрүүгийн хуульд оруулснаас болж, хэргээс мултарч чадсан байна. Эрүүгийн хуульд 2008 онд оруулсан өөрчлөлтөөр хэд хэдэн заалтыг нь хүчингүй болгосон юм. Тэдний дунд 155 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг багтсан. Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах” гэсэн заалт бий. Түүний эхний хэсгийг нь үлдээж, хоёр дахийг нь хүчингүй болгосон юм. Энэ нь хохирогчдыг хууль хяналтын байгууллагынхныг гэмт хэрэгтнүүдтэй хуйвалддаг гэх хэл аманд ороход хүргэсэн.
Энэ зүйлийн нэг дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд энэ нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт багтаж, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаахан сар гэж байгаа. Харин хүчингүй болсон хоёр дахь хэсэгт нь хүндэвтэр гэмт хэрэгт тооцож, 3-5 жил хорихоор тусгасан байсан. Гантөгс, Шинэжил нарын тухайд хуулийн энэ заалтад хамрагдсан гэхэд хилсдэхгүй. Учир нь уг хэргийн мөрдөн байцаалт олон жил үргэлжилж байж шүүхээр шийдвэрлэсэн. Хөөн хэлэлцэх зургаан сарын хугацаа нь шүүх бүү хэл, прокурорт ч хэрэг нь очоогүй байхад дуусчихсан байсан гэх юм билээ.
Магадгүй тэд “Та нар заргалдаад яваад юу ч олж долоохгүй, шалгаад ч нэмэргүй, бурхдыг аль хэдийн худалдаад үгүй хийчихсэн” гээд сууж байсан ч байж болох. Бүр цаашилбал, хөрөнгөө өөр хүний нэр дээр шилжүүлээд өөрөө юу ч үгүй, хоосон хүн гээд сууж байж ч мэдэх. Нэг хүний гэм бурууг гэр бүлийн бусад гишүүдэд нялзааж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалт байдаг болохоор ийнхүү байж болох талтай. Үе үе орон нутгийн хийд, музейгээс бурхан шүтээн, эртний түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүд эсвэл хүн чулуу зэрэг зүйл алга боллоо гэдэг. Эргэж олдсон нь бараг үгүй. Өмнөд хөрш, барууны аукционд өндөр үнээр худалдаж байгаа тухай мэдээлэл гараад л өнгөрдөг. Магадгүй Гантөгс, Шинэжил нар шиг ченжүүд аваад хилээр гаргасан байхыг үгүйсгэхгүй шүү дээ гэж хуулийн байгууллагын олон хүн ярьж байгаа юм. Зөвхөн эртний эдлэл гэлтгүй машины, гар утасны, эртний эдлэлийн, махны ченж нэрээр луйвар хийдэг олон хүн хулгайн эд зүйл авч борлуулж байгаа нь нууц биш.
Хулгайн гэмт хэрэг буурахгүй байна гэдэг. Энэ төрлийн хэргийг бууруулахын тулд хулгайн эд зүйлсээр арилжаа хийгчдийг, халаасны, малын хулгайч нарыг өөгшүүлж байгаа ченж нэртэй олон хүнд хариуцлага тооцдог болвол хулгайн эд зүйл авч борлуулахаа болино. Уг нь Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг хүчинтэй байсан бол хулгайн эд зүйл авч борлуулж байгаа хүмүүсийн зарим шүүхээр шийтгүүлж, тодорхой хугацаанд эрхээ хасуулахад бусад нь “айхгүй ч гэсэн аягүй” гэгчээр хулгайн мал, утас, эртний эдлэл авахаас жийрхэнэ шүү дээ.