Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнхийг албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн танил талдаа давуу эрх олгосон хэмээн АТГ-аас буруутгаж, цагдан хорьж мөрдөн байцаасан юм. Түүнийг ШШГЕГын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байсан ч бие нь муудаж, хорих ангийн эмнэлэгт хэвтүүлсэн тухай прокурорын байгууллагынхан мэдээлсэн. Түүнийг хорих ангийн эмч нар нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан тул Сүхбаатар дүүргийн шүүхээс захирамж гаргаж, Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Ингэхдээ түүнийг гадна дотнын хэн нэгэнтэй уулзахад нь хяналт тавьж, прокурорын зөвшөөрлөөр ар гэрийнхнийх нь эргэлтийг оруулж буй гэнэ. Тус эмнэлгийн эх сурвалж “Ж.Баянмөнх гэдэг хүнийг цагдаагийн хамгаалалт дор эмчилж байгаа нь үнэн. Манай эмч, сувилагч нар зохих эмчилгээ хийж байгаа” гэсэн юм.
Өөр нэгэн эх сурвалж “Ж.Баянмөнх хэдэн жилийн өмнө зүрхэндээ мэс засал хийлгэсэн. Цагдан хоригдсоны дараа өвчин нь сэдэрснээс дахин нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон” гэлээ.
Г.РАВЖАА