Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн тасгийн ажилтнууд хууль бусаар самар бэлтгэсэн иргэдэд шалгалт хийх явцдаа тэднээс их хэмжээний мөнгө авсныг илрүүлж, саатууллаа гэх мэдээлэл олны анхаарлыг татав. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад “Эргүүлийн цагдаа нар албан үүргээ гүйцэтгэх явцдаа самар боловсруулж буй иргэдээс авлига авсан тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалт аюулгүй байдлын хэлтэс шалгаж тогтоож, ажлаас нь халсан. Тэдэнтэй холбоотой хэргийг харьяаллын дагуу Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байгаа. Эргүүлийн цагдаа нарыг Баянгол дүүргийн эрүүгийн цагдаагийн тасгийн ажилтнуудтай андуурч ташаа мэдээлэл гаргажээ” гэв.