ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан , хошууч генерал Ч. Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарыг долоодугаар сарын 1-ний хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг нь шүүхэд шилжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүгч Ч. Хосбаярт шилжүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагагүй гэж үзсэн гэх мэдээлэл үнэн эсэхийг шүүгч Ч. Хосбаяраас тодрууллаа.
-Цагдаагийн дарга нартай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагагүй гэж үзсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Долоодугаар сарын 1-ний хэрэг нийт 28 хавтас болсон юм билээ. Олон хавтаст хэрэг уншихад хугацаа шаардлагатай учир хүсэлт гаргасныг хүлээн авч, энэ сарын 16 гэхэд танилцаж дуусгахаар болсон.
-Хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг нөгөөдөр шийдэнэ гэсэн үг үү?
-Тийм ээ. Энэ сарын 16-нд шийдэнэ.
Х.Оюунсүрэн