Баянгол дүүрэгт 2009 оны хоёрдугаар сарын 14-нд П.Сумъяажав гэдэг залуу найз Д.Бямбадоржтойгоо бүлэглэн нэг гэр бүлийн хоёр охиныг зэрэмдэглэж, дүүг нь хөнөөсөн жигшүүрт хэрэг үйлдсэн. Тэд хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан тул Нийслэлийн шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж сулласан юм. Гэвч П.Сумъяажав дахин гэмт хэрэг үйлдэж, олон хүнд их хэмжээний хохирол учруулсан талаар бид мэдээлсэн. Түүнтэй хамтран гэмт хэрэг үйлдэгчдийнх нь дотор давтан гэмт хэрэг үйлдсэн хүмүүс ч бий гэж Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн эх сурвалж өгүүллээ.
2011 оны арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг X хорооллын 11 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газарт гэмт этгээдүүд халдаж, эд зүйл хулгайлсан аж. Гэвч эзэн холбогдогч нь тогтоогдолг үй он гаргажээ. Гэтэл 2012 оны нэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө тус хорооллын нутаг, V байранд байрлах ломбардыг тоножээ. Ломбардын эзэд болон эд зүйлээ барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан иргэдийн өгсөн үнэлгээгээр хамгийн багадаа 100 сая төгрөгийн хохирол учирсан аж. Онц хэмжээний хохиролтой энэ хэргийн мөрөөр дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийнхан ЭЦГын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд хамтран шалгасны дүнд өмнө нь хүн амины ноцтой хэрэгт ял шийтгүүлээд өршөөлөөр суллагдсан П.Сумъяажав бусадтай бүлэглэн үйлдсэн болохыг тогтоосон байна.
Баянгол дүүргийн Прокурорын газраас хийсэн мэдээлэлд дурдсанаар “П.Сумъяажавын нарын үйлдсэн хэд хэдэн хэргийг шалгаж байна. Мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүдийн холбогдсон үйлдэл маш олон болж, шинэ үйлдлүүд илэрч байгаа. Сэжигтэн П.Сумъяажав хэд хэдэн хүнтэй хамтарч гэмт хэрэг үйлдэж байсан” гэсэн юм. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн эх сурвалжаас авсан мэдээллээр гэмт этгээд П.Сумъяажав дээрх хоёр ломбардыг тонохдоо таксины үйлчилгээнд явдаг хэд хэдэн хүнтэй бүлэглэж үйлдсэн байна. Тэднээс хоёр нь Турк руу оргон зайлсан бөгөөд эрэн сурвалжилж буй гэнэ.
Шалгалтын явцад Х хорооллын 11 дүгээр байрны ломбардаас 30-40 сая, V байрны ломбардаас 60-70 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, гар утас, зөөврийн компьютер, камер, бусад эд зүйлийг тоносон байж. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн нутагт ээжтэйгээ амьдардаг бөгөөд гэрт нь хийсэн үзлэгээр ломбардаас алдагдсан цөөнгүй эд зүйл гарчээ. Уг хэрэгт холбогдсон Ижилбаатар, Ариунболд нарын гэрээс ч ломбардаас алдсан их хэмжээний зүйл олдсон байна. Тэд таксины жолооч бөгөөд өмнө нь хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан, Ганцхудагт хоригдож байхдаа П.Сумъяажавтай танилцсан юм байна.
Хууль хяналтын байгууллагынхан энэ хэрэгт П.Сумъяажавын хамсаатан Б.Бямбадоржийг холбоотой байж болзошгүй хэмээн үзэж, эрэн сурвалжилсан ч Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдан суллагдснаас хойш түүний сураг тасарсан, хоёр хамсаатны харилцаа тийм ч сайнгүй нь тогтоогдсон аж. Хууль хяналтын байгууллагынхан, шүү хийнхэн ч онц хүнд гэмт хэргийн холбогдогч П.Сумъяажавыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж суллаагүй байсан бол олон хүн гэмт хэргийн хохирогч болж үлдэхгүй байсан хэмээж буй юм. Юутай ч, шүүх, прокурорын байгууллагынхан П.Сумъяажавт ял оноохдоо өмнөх гэмт хэргийн байдлыг харгалзан үзнэ гэдгээ хохирогч нарт хэлж байгаа гэнэ.