-Одоогоос 20 жилийн өмнө авлигад байр, машин , 10 мянган ам.доллар өгч байсан Д.Цолмон өдгөө Германд амьдарч байгаа сурагтай-
Заилангийн гэмт хэрэг үйлдэгчид олон ч 1990-ээд оны эхээр төрийн өндөр албан тушаалтнуудыг хуурч дөнгөсөн “банкны” гэх Д.Цолмон, “90 саяын” Б.Гансүх нарын хэрэг олны анхаарлыг татдаг. “Банкны” хэмээх нэр зүүсэн Д.Цолмон уг нь Биеийн тамирын дээд сургууль төгссөн, усан спортын багш мэргэжилтэй нэгэн. Гэтэл тэрбээр 1990-ээд оны эхээр арилжааны банкуудаас их хэмжээний зээл авахдаа залилангийн хэрэг үйлдэн, албан тушаалтнуудад авлига өгч, олон хүнийг хөлдөө чирсэн юм. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнд “Оюу” бүрэн бус хариуцлагатай компанийн тухай иргэдээс удаа дараа гомдол иржээ. Сүүлдээ албан тушаалтнуудад их хэмжээний мөнгө өгч байна гэх мэдээлэл ирсэн нь цагдаагийн ажилтнуудын анхаарлыг татсан байна.
Цагдаагийнхан тус компанийн захирал, 37 настай Д.Цолмонгийн хувийн байдлыг тогтоон, компани нь ямар үйл ажиллагаа явуулдгийг гүйцэтгэх ажлын шугамаар шалгахад байгуулагдаад хоёр жил орчим болсон ч чиглэсэн салбар, хийсэн ажил гэх зүйл байсангүй. Гэсэн атлаа арилжааны банкуудаас их хэмжээний зээл авсан байв. Д.Цолмонгийн зээл авахдаа бүрдүүлсэн баримт, банкны баталгааг зээл өгсөн захирлууд нь өөрсдөө гаргаж өгсөн нь мөрдөн байцаагчийн анхаарлыг гойд татжээ. Ингээд түүнийг эрүүгийн хэрэгт шалгахад аалзны тор мэт сүлжилдсэн хэргийн учиг тийм ч амар тайлагдсангүй.Хэн ч харсан сэргэлэн цовоо, үг хэл хурц түүний ярианд хууртаагүй хүн гэж бараг байсангүй. Төрийн гурван өндөрлөгийн туслах, өндөр албан тушаалтан, арилжааны таван банкны удирдах ажилтнууд, нэр бүхийн банкны ерөнхий нягтлан бодогч, төрийн өмчит байгууллагуудын удирдах ажилтнууд гээд түүний хэрэгт холбогдоогүй хүн цөөхөн. Тэрбээр банк санхүүгийн талаар А ч үгүй хэрнээ банкны хэмээн нэрлүүлэх болсон нь тухайн үед хүссэн бүхэн аваад байдаггүй зээлийг хэрхэн хоногийн дотор авдгаас гадна банкны удирдлагуудтай дотно харилцаатай байснаас үүдэлтэй аж.
Банкнаас зээл авч бизнес хийх гэсээр байтал өрөө төлөх хугацаа нь болчихдог байж. Зээлээ төлөхийн тулд өөр банкнаас зээл авч, ажлыг нь бүтээж өгсөн хүндээ их хэмжээний мөнгө өгөх замаар урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхсөөр нэг л мэдэхэд дааж давшгүй өрөнд унасан аж. Түүний хавтаст хэрэгт хаана ажилладаг, хэнд, авлигалд юу өгч байсан нь нэгд нэгэнгүй бичээстэй байдаг юм билээ. Зах зээлийн системд шилжээд удаагүй байхад тэрбээр томоохон банкны захиралд зээл бүтээж өгсөнд нь талархаж, “Фургон” машин, 10 мянган ам.доллар өгч байсан аж. Мөнгөний ханш 20 жилийн өмнөхтэй харьцуулшгүйгээр өөрчлөгдсөн ч тухайн үед түүний цацаж байсан мөнгө одоо ч чанга дуулдана. Мөрдөн байцаалтын явцад хохирол барагдуулахаар эд хөрөнгө хураах гэтэл түүнд болоод компанид нь юу ч байсангүй. Удтал шалгаж, мөрдөн байцаас ны эцэст олны танил 29 хүнийг энэ хэрэгт татан шалгасан байна. Д.Цолмон бусдад авлига өгөх замаар нийт хоёр сая ам.долларын зээл авахдаа удирдах ажилтнуудад их хэмжээний мөнгө өгч байсан нь тогтоогдов.
Д.Цолмон бүх үнэнээ цагдаагийнханд хэлж, шоронд хорихгүй байхыг хүссэн ч хууль бол хууль. Харин авлигад өртсөн тэдгээр хүмүүс нь төрийн өндөр албан тушаалтан хүмүүс байсан учир авлигад авсан байр, машин алтан ээмэг, бөгж, гинж, их хэмжээний мөнгөө үрэн таран хийгээгүй байсан аж. Мөрдөн байцаалтын явцад тэдгээрийг тоо ёсоор нь хурааж, улсыг хохиролгүй болгожээ. Д.Цолмонгийн хэргийг жил гаруй мөрдөн шалгаад найман жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болж, эрх мэдэл албан тушаалаа ашиглан авлига авсан арав гаруй хүн амьдарлынхаа багагүй хугацааг тортой хашааны цаана өнгөрөөжээ. Тэрбээр хийсэн хэрэгтээ гэмшин шүүхээс оноосон ялыг эдэлж, эрх чөлөөтэй болсон ч хожим нь дахин залилангийн гэмт хэрэг үйлдэхийг завдан тэсэн харгалзах ял сонсжээ. “Сурсан зүйлийг сураар боож болохгүй гэдэг үнэн юм даа” хэмээн тэр дахин залилангийн гэмт хэрэгт холбогдогдохдоо мөрдөн байцаагчдаа хэлсэн гэдэг. “Банкны” гэх нэртэй болсон энэ эмэгтэй хилийн дээс алхаж, Германд ажиллаж амьдарч байгаа сурагтай.
Х.ОЮУНСҮРЭН