Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Ч.Алтанхишигтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн өндөр хариуцлагатай, нарийн мэргэжлийн байгууллага. Эхлээд байгууллагынхаа талаар товч танилцуулах уу?
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн байгуулагдаад долоон жил болж байна. Тус байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж, бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэгтэй. Цагдаагийн ерөнхий газрын харьяанд байсан Криминалистикийн шинжилгээний төв, Эрүүл мэндийн яамны харьяа Шүүх эмнэлгийн магадлах товчоо, Сангийн сайдын дэргэдэх Нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо гэсэн гурван байгууллагыг нэгтгэсэн юм.
-Гэмт хэрэг буурахгүй байна. Үүнийг дагаад та бүхэн ачаалалтай байдаг байх?
-Шүүхийн шинжилгээ ний байгууллагын ажлын ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь гэмт хэргийн тоо байнга өсөн нэмэгдэж байгаатай шууд холбоотой боловч нөгөө талаас ард иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийн түвшин өссөн, хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын эх сурвалж гэж үзэх болсон, гэмт хэргийг ул мөр, эд мөрийн баримтаар нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлон тогтоох ёстой гэсэн зарчим үйлчлэх болсонтой шууд холбоотой юм. Тус байгууллагын криминалистикийн шинжээч нар улсын хэмжээнд 2007 онд гэмт хэргийн үзлэгт 16763 удаа оролцож байсан бол, 2011 онд 21496 удаа, 2007 онд 7206 шинжилгээ хийж байсан бол өнгөрсөн онд 13548 шинжилгээ хийж байгаагаас ачаалал хэрхэн нэмэгдэж байгааг харж болох байх.
-Танай хүрээлэнгийн шинжилгээний лабораторийн хүчин чадал, боловсон хүчин хангалттай байж чадаж байна уу?
-Шинжилгээний лабораторийн аппарат тоног төхөөрөмж өндөр үнэтэй. Техникийн өнөөгийн шаардлагыг хангасан бага оврын шинжилгээний багаж авахад л хэдэн зуун сая төгрөг болчихно. Байгуулагдсан цагаас хойш шинжилгээний лабораторийн аппарат тоног төхөөрөмж, техник хэрэгслэлийн шинэчлэлийг үндсэндээ 80-85 хувьд хийж чадсан. Шинэ техник хэрэгслэл худалдаж авч суурилуулах нь нэг хэрэг. Харин авсан багаж хэрэгслээ ажиллуулах чадвартай нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудал чухал. Бид энэ асуудалд онцгой анхаарч, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Гаднын техникийн буцалтгүй тусламжийн хувьд хоёр хандлагатай байдаг. Эрүүл мэндийн байгууллагад хандив тусламж өгөхдөө дуртай, харин, цагдаа, цэрэг хүчнийх гэхээр цааргалаад дургүй байдаг. Гэхдээ 2004 онд Японы ЖАЙКАгийн тусламжаар 150 сая ам долларын өртөг бүхий өнгөт гэрэл зургийн лаборатори, химийн шинжилгээний лабораторийн тоног төхөө рөмж хүлээн авсан. Одоо эдгээр техник хэрэгслэлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна.
-Орон нутагт шүүхийн шинжилгээний албатай болсон. Тус алба хэр зэрэг бэхжиж байгаа вэ?
- Одоо улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлд шүүхийн шинжилгээний алба ажиллаж байгаа. Аймгийн шүүхийн шинжилгээний албад үйл ажиллагаагаа явуулаад гурван жил болсон. Бүх аймгийн албанд хэргийн газрын үзлэгийн цүнх, шинжээч эмчийн үзлэгийн багаж хэрэгслэл, лабораторийн болон анхан шатны шинжилгээ хийх аппарат тоног төхөөрөмж, компьютерийн тоног төхөөрөмж гэрэл зургийн аппаратаар хангагдсан. Аймгийн шүүхийн шинжилгээний албаны хувьд хамгийн их анхаарал татаж яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудал бол яах аргагүй боловсон хүчин, ялангуяа шинжээч эмч, туслах ажилтан, лабораторийн шинжээчийн асуудал юм. Аймаг болгонд хоёр эмч, туслах ажилтан ажиллах зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр бүтэц, орон тоог шинээр батлуулсан боловч хөрөнгө төсөв, цалингийн сан баталж өгөөгүй тул энэ асуудлыг цогцоор нь шийдэхэд хүндрэлтэй байгаа.
-Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх тал шинжилгээний дүгнэлт дээр маргалддаг. Иргэд ч шинжилгээнд тэр бүр итгэдэггүй. Юунаас шалтгаалж хардлага үүсдэг юм бэ?
-Бусад оронд шүүх эмнэлгийн, лабораторийн шинжилгээний дүгнэлтэд эргэлздэг өмгөөлөгч, шүүгч, цагдаа битгий хэл иргэн ч байдаггүй. Харин Монголд эсрэгээрээ шүүх эмнэлгийн дүгнэлтийн ач холбогдлыг бууруулах гэж оролддог. Маргаантай шинжилгээг батлуулах, давтан шинжилгээ хийлгэхээр гадаадад очиход их гайхаж хүлээж авдаг. Шинжээчийн дүгнэлт шинжлэх ухааны үндэслэлтэй гардаг. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа болон шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлттэй маргахгүй байх зарчмыг баримтлах, бүр амьдралд бодитойгоор нэвтрүүлэх, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Тиймээс бидний ойрын ирээдүйн зорилт бол шинжээчийн дүгнэлттэй үл маргах зарчимд шилжих асуудал. Энэ тал дээр шинжээч нарын мэдлэг ур чадварыг ахиулах, давтан сургах, техникийн шинэчлэл хийхэд түлхүү анхаарна. Болж өгвөл эрдмийн зэрэг хамгаалуулж, олон улсын зэрэгтэй шинжээч, эрдэмтэд болгомоор байна. Ер нь шүүхийн шинжилгээний байгууллагыг хоёр чиглэлээр хөгжүүлэх шаардлагатай. Нэг дүгээрт, үндсэн чиг үүргийн дагуу гэмт хэрэг илрүүлэх нотлон тогтоох үйл ажиллагаагаар, хоёрдугаарт, гэмт хэргийг илрүүлэх нотлон тогтоох чиглэлээр өөрийн орны онцлог нөх цөлд тохирсон суурь шинжлэх ухааны шинэ арга барил эрэлхийлэх, судлах, түүнийг нэвтрүүлэх асуудал юм.
-Гэмтлийн зэргийг хэрхэн тогтоодог юм бэ. Үнэхээр хүнд гэмтсэн байхад хөнгөн гэж тогтоодог юм байна гэж гомдсон иргэд цөөнгүй байдаг?
-Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн үндсэн үүрэг нь гэмт үйлдэл, халдлагын улмаас хохирсон иргэдийн биед үзлэг хийж, тэдний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоох, хоёрдугаарт, гэмт хэргийн улмаас болон бусад шалтгаан нөхцөлийн улмаас амь насаа алдсан иргэдийн нас барсан шалтгааныг тогтоох явдал. Гэмтлийн зэргийг тогтоохдоо нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношлогоо, рентген болон компьютер томограф, MRI болон лабораторийн бусад нарийн шинжилгээ оношлогооны дүнг үндэслэл тогтоодог. Гэмтлийн зэргийн зааварыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”-ыг үндэслэн гарга даг. Энэ журмын дагуу хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж гурав ангилж байгаа.
-Шинжээч дүгнэлт гаргах явцад дарамтлах тохиолдол гардаг уу?
-Манай шинжээчдийн ашиглаж байгаа аппарат техник хэрэгсэл тоног төхөөрөмж нь шинэчлэгдсэн хэдий ч дүгнэлт гаргахдаа шинжээч өөрөө үр дүнг нь биечлэн нягтлан шалгах шаардлага тай байдаг. Тийм ч учраас шинжээчийн ажил хүнд стресс ихтэй. Ялангуяа, ард иргэд, гэмт этгээд болон хохирогчийн зүгээс маш их харддаг. Гэмт этгээд хэрэг хийчихээд хэзээ ч “Би хийсэн” гэж хэлдэггүй. Аав, ээжээ, үр хүүхэд хань ижлээ алдсан хүн их гомдолтой нь мэдээж. Энэ бүгдээс авахуулаад дарамт ирдэг. Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч эмч, криминалистикийн шинжээч нар нарийн мэргэжлийн лабораториор шинж лүүлж, гарцаагүй баталгаажуулж байж хэрэгтэнд “Энэ чиний ДНХ мөн” гэж хэлж байж хэргийг нь нотолж өгдөг. Өмнө нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үед гэрчийн мэдүүлгээр хэрэг хүлээлгэдэг байсан. Одоо үүнийг болиулж гарцаагүй шинжилэх ухааны үндэслэлтэй нотлох баримтаар хэргийг шийддэг болсон. Түүнээс биш амны зоргоор шинжээчийн дүгнэлт гаргадаггүй.
-Танай байгууллага олон улсын байгууллагад нэгдсэн үү?
-Манай байгууллагын олон улсын харилцаа холбоо тэлж байгаа Азийн олон улсын шинжилгээний байгууллага, Олон улсын хор судлалын байгууллага, Олон улсын шүүх шинжилгээний байгууллагад гишүүнээр элссэн. ОХУ, Беларусь, Турк, АНУ, БНХАУ, БНСУ-ын шүүх шинжилгээний байгууллагатай хамтарч ажилладаг. Ажиглаад байхад олон улсын шүүх шинжилгээний байгууллагад эрүүл мэндийн, техникийн, химийн, физикийн ухааны эрдэмтэд ажилладаг. Тэдний гаргасан шинжилгээг хэн ч эсэргүүцэх эрхгүй байдаг.
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажилллагааны гурав дахь чиглэл нь нягтлан бодох бүртгэлийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах. Сүүлийн үед энэ төрлийн хэрэг өсөх хандлагатай байна?
-Бид жилдээ 100 орчим эдийн засгийн гэмт хэрэгт шинжилгээ хийдэг байсан бол өнгөрсөн жил 141 болж өссөн.
-Хэн болох нь тодорхойгүй цогцос их олддог. Эдгээрийг таньж, эзэн холбогдогчийг тогтооход хэр хүндрэл гардаг вэ?
-Хэн болох нь тодорхойгүй цогцос сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа. Траншейнд амьдардаг, гэр оронгүй, бүртгэлгүй иргэн олон. Энэ хүмүүс нас барсан тохиолдолд манай Шүүх эмнэлгийн хэлтэст авчраад үзлэг шинжилгээ хийж нас барсан шалтгааныг тогтоодог. Ингээд ар гэрийнхэн нь олдохгүй бол бид цогцыг оршуулдаг. Ер нь жилд 100 орчим хүнийг оршуулдаг болоод байгаа. Эзэнгүй цогцсын сан гэж бүрдүүлдэг. Карт нээж зургийг нь аваад, содон тэмдгийг бичиж архивладаг.
-Ам зургаар хэрэгтэн таних аргыг хэр хэрэглэдэг. Энэ нь гэмт хэрэгтнийг илрүүлэхэд хангалттай баримт болж чаддаг уу?
-Ам зураг нь криминалистикийн нэг салбар. Энэ салбар хөгжөөд 20 жил болсон. Энэ чиглэлээр манайхан хангалттай туршлага хуримтлуулсан. Хоёр жилийн өмнө дүр зураг бүтээх компьютерийн лаборатори байгуулсан. Монголчуудын төрх европынхноос өөр. Бид монгол хүмүүсийн зураг оруулдаг. Тэндээс нь нүд хамрыг татаж авдаг. Зөвхөн дүр зураг гаргахдаа биш. Ялангуяа, эзэнгүй цогцсын гавлаар адилтгал хийгээд эрэгтэй, эмэгтэй хүнийг таньж болдог. Мөн гавлын яс давхцуулаад тухайн хүн мөн эсэхийг мэддэг.
-Галт зэвсгийн лабораторитой юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Гэмт хэргийн улмаас үүссэн сумны ул мөрийг бид шинжилдэг. Буудлагын мөр, хонгио, хошууг авч сан бүрдүүлж байна. Одоогоор 30 орчим мянган бууны бүртгэл бий. Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль 2002 онд батлагдаж иргэдийн гар дээр байгаа ангийн зориулалттай галт зэвсгийн бүртгэлийн сан бүрдүүлсэн. Санд байгаа мэдээллийг ашиглаад жилд 10-15 хэрэг илрүүлдэг.
-Хуурамч гарын үсгийг илрүүлэх амархан болсон. Танайх мэргэжлийн өндөр түвшинд судалдаг болсон гэсэн. Гарын хээ, гарын үсэг хуурамчаар үйлдсэн хэчнээн хэргийг илрүүлэв?
-Бичиг судлал, гарын хээ зэргийг судлахад анхаарч хөгжүүлсэн. Энэ лабораторид гарын үсгээс гадна хуурамч мөнгөн дэвсгэрт, хуурамч бичиг баримт шинжилдэг. Бусдын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээ, иргэний болон жолооны үнэмлэхийг хуурамчаар үйлдэж байна. Швейцарийн шинэ төхөөрөмжийн тусламжтайгаар энэ төрлийн хэргийг өндөр түвшинд илрүүлж байгаа. Хуурамч юань, ам.долларыг сэвгүй шахам хийж байна. Энэ мөнгө тоолдог машинаар торохгүй гарчихдаг юм билээ. Энэ бүгдийг манайх мэргэжлийн түвшинд илрүүлдэг.
-Анхны шинжилгээнд эргэлзэж давтан шинжилгээ хийлгэх тохиолдол олон гардаг уу?
-Болж өгвөл давтан шинжилгээ хийдгийг зогсоомоор байгаа юм. Маргаан гарсан тохиолдолд дахин бүрэлдэхүүн томилж давтан шинжилгээ хийдэг. Нэмэлт шинжилгээ хийж болно. Шинэ баримт, шинэ зүйл гарч ирвэл үүнийг шинжилж болдог. Түүнээс биш анхлан хийсэн шинжилгээг прокурор, өмгөөлөгч хоёр үгүйсгээд байх нь утгагүй. Давтан шинжилгээг хийх тусам будлиан гарах магадлал өндөр. Гэхдээ лабораторийн шинжилгээ эсвэл гарын хээний шинжилгээ хийсэн байхад хэн ч маргадаггүй. Үүнтэй адил ДНХ, цусны, химийн шинжилгээг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэмтлийн зэрэг ч ялгаагүй журмыг нь батлаад өгчихсөн. Жишээ нь, тэдэн хавирга хугарвал хүнд гэмтэл, хавирга хугараагүй зөөлөн эдийн гэмтэл бол хөнгөн гээд заачихсан ч маргаад байдаг.
-Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний байр хотын төвд байрладаг. Энэ зөв үү?
-Задлан шинжилгээний байр хотын төвийн А бүсэд байрлаж байгаа. Байгалийн гамшгаас үүдэн нас барсан хийгээд ДОХ, сүрьеэ, тахал зэрэг халдварт өвчнөөр амиа алдсан иргэдийг авчирч задлан шинжилгээнд оруулдаг. Магадгүй эндээс халдварт өвчин тархахыг үгүйсгэхгүй. Болж өгвөл цогцос хадгалах байр, зарим лабораторийг хотын захад шилжүүлмээр байгаа юм. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаад тухайн газарт нь задлан шинжилгээнд оруулчихдаг бол ажил их хөнгөрнө.
Х.ОЮУНСҮРЭН