УЕПГ-аас сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийлээ. Баянгол дүүргийн прокурор Н.Энхтуяа, орлогч прокурор О.Алтангэрэл нар өнгөрсөн онд шийдвэрлэсэн хэргийн талаар дурдсан юм. Тус дүүргийн Прокурорын газар олны анхаарал татсан П.Сумъяажав нарт холбогдох хэрэгт хяналт тавьж ажиллаж байгаа бол сүлжээний гэх залилангийн таван хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Түүнээс олны анхаарал татсан хэргийн талаар тодрууллаа.
-Сүлжээний гэх залилангийн хэргийг шүүхэд шилжүүлсэн гэлээ. Ямар ямар байгууллагад холбогдох хэчнээн төгрөгийн хохиролтой хэрэгт яллах дүгнэлт үйлдэв?
-Төрийн бус байгууллага нэрээр иргэдийг залилан мэхэлж байсан “Говийн хөгжлийн ирээдүй”, “Эрүүл амьдралын төлөө”, “Хүсэл мөрөөдлийн хүч”, “Түшигт хан Цэцээ”, “Барагдашгүй алмааз” гэх таван сүлжээний хоёр тэрбум гаруй төгрөгийн хохиролтой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.
-Насанд хүрээгүй байхдаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн П.Сумъяажав дахин гэмт хэрэг үйлдсэн. Түүний хэрэг ямар шатанд байна вэ?
-П.Сумъяажавыг эрүүгийн хэд хэдэн хэрэгт холбогдуулж шалгаж байгаа. Тэрбээр гэмт хэргээ өөр өөр хүмүүстэй бүлэглэж хийсэн. Түүний холбогдсон шинэ үйлдлүүд илэрч байна. Мөрдөн байцаалтын ажиллагаанд буй хэргийн талаар үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Мөн НПГ-ын орлогч прокурор Е.Сагсайгаас зарим хэргийн явцын талаар тодруулсан юм.
-“Анод” банкны удирдлагад холбогдох хэрэгт зээлдэгч нарыг эрүүгийн хариуцлагад татахаар болсон гэсэн. Тэр дундаа “МонУран”- ы Наранхүүг цагдан хорьж шалгахаар танайд хандсан гэх мэдээлэл байгаа нь үнэн үү?
-“Анод” банкны хэрэгт холбогдуулж олон хүн шалгаж байгаа. Тус банкнаас их хэмжээний зээл авчихаад төлөхгүй байгаа томоохон зээлдэгч нарыг сэжигтнээр татсан хүмүүсийн дунд “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү бий. Түүнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан үндэслэлээр сэжигтнээр тооцсон.
-Аймгийн Засаг дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-т шалгаж байгаа. Тэдэнд холбогдох хэргийн явц ямар байгаа бол. Бидний авсан мэдээллээр заримыг нь шүүхэд шилжүүлсэн, Ж.Баянмөнхийн бие муудаж эмнэлэгт хэвтсэн гэсэн.
-Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийг сэжигтнээр тооцон цагдан хорьж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Түүний хууч өвчин сэдэрсэн шалтгаанаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаа. Орхон аймгийн Засаг дарга М.Оюунбатад холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, Баянзүрх дүүргийн шүүхэд шилжсэн. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан, тендер будилаантуулсан, бусдад давуу эрх олгосон хэрэгт яллагдагчаар тооцсон юм. Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэрэг дуусах шатандаа орсон бол Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрийн хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусах байх. Саяхан АТГ-ын хоёр мөрдөн байцаагч Увс аймагт очиж газар дээр нь шалгаад ирлээ. Энэ сард багтааж прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэх байх.
-Төрийн нууц задруулсан ТЕГ-ын Сөрөг тагнуулын хэлтсийн хурандаа В.Нямхандад холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусаж байгаа гэх юм. Таны хяналтад шилжиж ирсэн үү?
-В.Нямхандад холбогдох хэргийг ТЕГын Мөрдөн байцаах хэлтэст шалгаад дуусаж байгаа. Ирэх долоо хоногт прокурорын хяналтад шилжиж ирнэ. Хан-Уул дүүргийн шүүхээс даалгасан нэмэлт ажиллагаануудыг бараг бүгдийг нь хийж дууссан гэж ярив.
Г.ЦОЛМОН