Цөмийн энергийн газрыг тойрсон дарга нарын халаа, сэлгээ дэд дарга Ц.Дамдинсүрэнг дайрч бус тойрч гараад бараг хагас жил өнгөрлөө. Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулж чадаагүй, даргаа матсан гэх шалтгаанаар сайд нарын дургүйг хүргэж асан тэрбээр өнөөдрийг хүртэл албан үүргээ гүйцэтгэсээр байна. Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаал ч үйлчилдэггүй Ц.Дамдинсүрэн гэх эрхмийг ажлаас нь халах шийдвэрийг уг нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 19-ны Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Гэтэл мань эр өнөөдрийг хүртэл албан үүргээ гүйцэтгэсээр байгаа нь МАН дахь Увсын бүлэглэлийн нөлөө хүчтэй байгааг илтгэж буй бололтой.
ЦЭГ-ын дарга С.Энхбатыгаа өвчтэй хойгуур нь дээд дооргүй матаас бичсээр байгаад огцруулсан хэмээн түүний талаар улс төрийн хүрээнийхэн дээр дооргүй ярьж буй. Гэтэл хүн муутай гэх тодорхойлолтыг улстөрчдөөс авсан энэ зайтай эрхэм Увсын бүлэглэл тэрдундаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга С.Хүрэлбаатарын татаасаар өдий хүртэл албан тушаалаа хашсаар байгаа талаар жиг жуг яриа саарал ордноор тэнэж явна. Дээрээ хамгаалах хүнтэй бол Засгийн газрын шийдвэр ч төрийн албан хаагчдад үйлчилэхээ больсны тод томруун жишээ энэ болж байна.