Монголбанкны Эрдэнэсийн санд уул уурхайн компаниудын тушаасан алтнаас дутаж, тус банкны ажилтан болон алтны хоёр ченжийг цагдан хорьж, шалгаж байгаа тухай бид мэдээлсэн. Монголбанкны Дотоод хяналт шалгалтын хэлтсээс энэ тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулснаар дээрх хэрэгт холбоотой байж болзошгүй сэжигтнийг цагдан хориод байгаа.
Эрдэнэсийн сангаас гаргаж буй гулдмайлсан алт жиндээ хүрэхгүй, сорьцын зөрүүтэй байсан гэх энэ хэрэгт холбогдуулан Монголбанкны Эрдэнэсийн сангийн ажилтан Ц гэх 50 орчим настай эмэгтэйг хорьсон юм. Түүнчлэн сэжиглэн энэ хэрэгт тус банкны Валют, эдийн засгийн газрын захирал Г.Дэлгэрмааг цагдан хорьсон гэж зарим сонин мэдээлсэн. Энэ мэдээллийг сонссон УИХ-ын зарим гишүүн ихэд эгдүүцэж, ЦЕГ руу утасдаж, дарга нарыг нь загнасан сурагтай.
Сүүлийн үеийн мэдээллээр уг хэрэгт холбогдуулж, алтны бас нэг ченжийг цагдан хориод байгаа аж. Хууль хяналтын байгууллагынхнаас энэ талаар лавлахад “Улстөрчид энэ хэрэгт хошуу дүрээд байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Уг хэргийн сэжигтнээр дөрвөн хүнийг хорьсон байгаа, гадуур шалгаж буй хүмүүс ч бий” гэсэн юм.
Г.ЦОЛМОН