ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 200-300 хүний багтаамжтай шүүх хурлын танхим байгуулжээ. Шинэ танхимын нээлт уржигдар болж Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч, гавьяат хуульч Б.Сарантуяа, Нийслэлийн прокурорын орлогч прокурор Е.Сагсай, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Энхдалай болон дүүргүүдийн шүүхийн Ерөнхий шүүгч, албаны дарга нар болон бусад хүмүүс оролцсон байна.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн санхүүжилтээр байгуулагдсан уг шүүх хуралдааны танхимд олон оролцогчтой, ээдрээ маргаантай хэргийг хянан шийдвэрлэх юм. Уг шүүх хурлын танхимд өчигдөр Н.Базаррагчаа, С.Дүгэргаржаам, С.Ижилбаатар нарын 22 холбогдогчтой хулгай дээрэм, хүчин, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан, шүүх прокурорын шатнаас оргосон гэмт хэрэг үйлдсэн залууст холбогдох хэргийг хэлэлцэв.
Шүүхийн шийдвэр 19.00 цагийн үед гарч насанд хүрээгүй дөрвөн хүүхдийн ялыг хойшлуулах, нэгийг нь цагаатгах, үлдсэн 17-д нь 3.2-8.6 жил хорих ял оноов.
Г.АРИВЖИХ