Монголбанкны Эрдэнэсийн санд уул уурхайн компаниудын тушаасан алтнаас багагүй хэмжээгээр дутаж, тус банкны ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд хамтран өнгөрсөн долоо хоногт Монголбанкны Эрдэнэсийн сангаас гаргаж буй гулдмайлсан алт жиндээ хүрэхгүй байгаа талаарх мэдээллийг ЭЦГ-ын ажилтнууд авч, зохих шалгалтыг хийсний дүнд алтан гулдмайнуудын зарим нь жиндээ хүрэхгүй байгаа нь үнэн болохыг тогтоосон аж. Ингээд холбогдох албадад мэдээлэл хүргүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал “Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2003-2011 оны хооронд удаа дараагийн үйлдлээр их хэмжээний алт дутагдсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Урьдчилсан байдлаар 18 кг алт дутжээ. Энэ асуудалд холбогдуулан Эрдэнэсийн сангийн гурван ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа. Монголбанк алтаа гадаадад шүүлгэж цэвэршүүлдэг юм байна. Улмаар гулууз, гулдмай болгож оруулж ирэх явцад сэжигтэн этгээдүүд алтнаас бага багаар авсаар 18 кг-д хүрсэн бололтой.
Зарим мэдээллийн хэрэгсэлд Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн ажилтнууд энэ хэрэгт холбогдож, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан талаар мэдээлсэн байна лээ. Энэ мэдээлэл ташаа. Одоогийн байдлаар ямар нэгэн хүн холбогдуулж шалгаагүй. Уг хэргийг УМБГ, ЭЦГ болон Монгол банкны Дотоод хяналт шалгалтын газраас хамтарсан Ажлын хэсэг гарч үргэлжлүүлэн шалгаж байна” гэлээ.
УМБГ болон ЭЦГ-ын хамтарсан Ажлын хэсэгт багтсан эх сурвалж “Гандантэгчэнлин хийдээс Монголбанкны Эрдэнэсийн санд 1980-аад оны дунд үед тушаасан эд зүйл дутагдсан гэх мэдээллийг танай сонин олон нийтэд хүргэсэн. Түүний дараахан Эрдэнэсийн санд шалгалт хийх явцад алт жиндээ хүрэхгүй байгаа тухай мэдээлэл гарч, түүнийг шалгаснаар тус сангийн эрх бүхий ажилтныг шалгах болсон. Одоогоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Монголбанкны нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжаас лавлахад “Цахим хуудсуудад манай банкны гурван ажилтан, Стандартчилал, хэмжил зүйн төвийн дөрвөн ажилтныг цагдан хорьсон гэж мэдээлсэн байна. Манайхаас Эрдэнэсийн сангийн ажилтан Ц гэх эмэгтэйг цагдан хорьсон нь үнэн. Түүнтэй хамт олон хүн хориогүй гэдгийг хууль хяналтын байгууллагаас бидэнд мэдэгдсэн. Ц-тэй хамт цагдан хоригдсон хүмүүс нь алтны ченжүүд юм билээ. Одоо гурван газар хамтарсан Ажлын хэсэг гарч, шалгалт хийж байгаа. Энэ бүгдийн дараа хэн нь гэм буруутай вэ гэдэг нь тогтоогдох байх” гэлээ. Харин тус банкны Олон нийттэй харилцах газрын ажилтан “Манай банкнаас алт хүлээн авсан байгууллага бидэнд хандаж алтны сорьц нь зөрүүтэй байна гэсэн. Тиймээс бид өөрсдөө цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахаар болсон. Цагдаагийн байгууллага Монголбанкны Валют, эдийн засгийн газрын алт хариуцсан мэргэжилтнийг шалгаж байгаа” гэсэн хариулт өглөө.
Зарим мэдээллийн хэрэгслээр тус банкны Валют, эдийн засгийн газрын захирал Г.Дэлгэрмаа гэх эмэгтэйг цагдан хорьж шалгаж байгаа гэж бичиж байгаа. Эх сурвалж харин үүнийг үгүйсгэж, “Ташаа мэдээлэл гарсан байна лээ. Энэ хэрэгт одоогоор Дэлгэрмаа нэртэй ямар ч хүнийг холбогдуулан шалгаагүй” гэсэн юм.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас эд зүйл алдагдсан, тус банкны ажилтнууд албан тушаалаа урвуулсан тохиолдол ганц энэ биш.
Тус санд хадгалуулахаар 1983 онд тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр Монгол банкинд Эрдэнэсийн сан байгуулахаар болж, тэнд Гандантэгчэнлин хийдэд хадгалж байсан 300 гаруй нэр төрлийн түүх соёлын дурсгалт бүтээлүүдийг шилжүүлсэн байдаг. Гэтэл өнгөрсөн зун тус хийдийнхэн балансаас балансад шилжүүлсэн зүйлээ авахаар Монголбанкны Эрдэнэсийн санд хандахад багагүй хэмжээний эд зүйл дутсан юм. Хууль хяналтын байгууллагаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн тухай бид мэдээлж байсан.
Түүнээс гадна Хөвсгөл аймаг дахь Монголбанкны салбарын нярав эмэгтэй 166 сая төгрөг завшсан хэрэг үйлдэж, хэрэг нь шүүхэд хянагдаж буй юм.
Г.РАВЖАА