Цагдан сэргийлэх хорооныхон Ардын хувьсгалын дараа хүрээний биеэ үнэлэгчид, “сайн эрчүүд”- тэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, онц ноцтой гэмт хэргийг хэрхэн илрүүлсэн тухай баримт архивт цөөнгүй байдаг аж. Нийслэлийн цагдан сэргийлэх хорооны даргаар Магсархурцын Дугаржав ажиллаж байхдаа цагдаагийн ажилтнуудаа удирдаж, ноцтой гэмт хэргийг хэрхэн илрүүлж байсан тухай баримт цөөнгүй байдаг юм байна. Тэрбээр Нийслэлийн цагдан сэргийлэх хорооны даргын албанд томилогдоод хамгийн түрүүнд сайн эр нэр зүүж жинчдийг дээрэмдэн, хүний амь насанд удаа дараа хүрсэн гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх ажилд онцгой анхаарал тавьж эхэлжээ. Тухайн үед Шожгор Дорж, Шилбийн Хөнхөр, Биеийн шар, буриад Чойжин, Задь хувилгаан, Хогийн Бадам гэх мэт цуутай дээрэмчдийг илрүүлэх ажилд цагдан сэргийлэх хорооны ажилтнуудаа дайчиллаа. Ийм шийдвэр гаргаад удаагүй байтал цагдаагийн ажилтнуудад Шижирийн даваан дээр жинчдийг дээрэмдэхдээ нэгийг нь дүүжлэн амийг хөнөөлөө гэх мэдээ ирэв.
Цагдан сэргийлэх хорооны зургаан ажилтныг шилдэг гэгддэг Цогт-Очир, Дагва нар ахаллаа. Тэд явсаар шөнө болсон ч хэргийн газар яаралтай хүрэх хэрэгтэй байсан учир амралгүй явсаар байв. Үүр цайхын өмнөхөн хөтөлгөө морьтой нэгэн ламтан чанга дуугаар маань мэгзэм уншсаар тэдэн рүү дөхөж ирэв. Тэднийг харсан хэрнээ нүднийхээ үзүүрээр тоомжиргүй хараад цааш номоо уншсаар явах гэтэл Цогт-Очир “Амар байна уу ламтан гуай. Та Шижирийн даваа хэр хол байгааг хэлж өгнө үү” гэхэд “Гурван цагийн газар байна. Та нар ойрхон ирж” гээд номоо уншсаар яваад өгөв. Хэзээнээсээ хэрэгт дуртай, ажигч гярхай гэгддэг Дагва “Нөхөд өө, та нар нэг зүйл ажигласангүй юү. Бүрэнхийд зүс царай нь сайн харагдсангүй, байр байдал нь их настай лам бололтой. Гэсэн атлаа ямар сайн морь унаа вэ” гэх нь тэр. Тэд шалгаад үзье гэж шийдээд хушуу тойроод хартал нөгөө ламтан бараа сураггүй давхиж одсон нь алсад морин төвөргөөн сонсдож байгаагаас илт. Тэд түүнийг хөөх бодол байсан ч тушаалын дагуу Шижирийн давааг зорилоо.
Даваанд дөхөхдөө тэд хэн нэгэнд сэжиг авахуулахгүйн тулд бүсэлж тал талаас нь явган ойртов. Гэтэл модны захад хоёр хүн айж сандарсан янзтай байхыг хараад “Зогс, бүү хөдөл, ардын цагдаа байна” гэхэд тэд харин баярласан янзтай “Хурдан ирээрэй. Бид хэцүүдээд байна” гэв. Цагдаагийн ажилтнуудыг очиход тэд “Бид хүрээ рүү мах, сүү, цагаан идээ хүргэхээр явсан хүмүүс. Гэтэл шөнө гэнэт хүн дайрч нэг нөхрийг маань хороочихлоо. Бид яах учраа мэдэхгүй байсан юм. Туслаарай” гэв. Хэргийн газар очиход 30-аад насны залууг модноос дүүжилсэн харагдав. Цогт-Очир цогцсыг модноос буулган хэргийн газрын үзлэг хийгээд “Арай ч махчин баймааргүйсэн. Яаж ингэж чаддаг байна аа” гээд толгой сэгсрэв. Гэмт хэрэгтэн хөөрхий залуугийн хоолойг хэрчин хөнөөгөөд, модноос дүүжилж, нүдийг нь ухаж, гуяных нь махнаас авсан байв. Цагдаагийн ажилтнууд хэргийн газрын үзлэгийг хийгээд нийслэл рүү буцлаа. Ирээд М.Дугаржав даргадаа энэ талаар хэлэхэд “Мөн ч ноцтой зүйл болжээ. Энэ хэрэг Шожгор Доржоос гарахгүй. Саяхан бидэнд нэг мэдээлэл ирлээ. Зарим лам нар эм хийхдээ хүний эд эрхтэн ашигладаг болсныг “сайн эрчүүд” мэдээд ноцтой хэрэг үйлддэг болсон гэнэ. Энэ хэрэгт Шожгор Дорж онцгой үүрэгтэй оролцож байгаа сурагтай. Түүнийг яаралтай ол” гэж тушаал буулгав. Ингээд хэрхэн олох талаар цагдаагийн ажилтнууд ярилцаад өвчтэй хүн болж лам нарт үзүүлж, сураг гаргах нь хамгийн зөв гэж үзээд нэгэн маарамбынд очлоо.
Цагдаагийн туршлагатай ажилтан Дагва “Маарамба минь эм залж хайрла, ходоод өвдөөд” гэхэд судсыг нь барьж үзээд “Ходоод чинь эрүүл байна. Чи пологтоо биз” гэв. Дагва хариуд нь “Ламтан надад эмэнд ордог зүйл байна. Хүний нүд чухал хэрэгтэй байдаг гэсэн” гэхэд ламтан “Надад хэрэггүй. Харин би чамд авах хүн зааж өгье” гэв. Ламын зааж өгснөөр Цогт-Очир, Дагва хоёр хувцсаа сольж өмсөөд Цэцэн ханы хорооны Мээжгэр Лувсангийнд очлоо. Цагдаагийн дүрэмт хувцастай хүн харсан Лувсан ихэд хүндэтгэн дээшээ морил хэмээн толгойгоо бөхөлзүүлэв. Мэнд ч мэдэлгүй хөмсөг зангидан суусан Цогт-Очир “Та ахмад хүн байтлаа болгоомжгүй зүйл хийж дээ” гэв. Гэнэтийн үгэнд цочирдсон лам сандран “Юусан билээ” гэв. “Шижирийн даваанд хүн үхсэнийг та яаж мэдэв” гэж тулган асуухад “Усны гудамжны Долгор хэлсэн” гэхээс өөр зүйл хэлэхгүй байв. Түүнийг хамт явахыг шаардан хашааных нь үүдэнд иртэл тэрбээр “За, би үнэнээ хэлье. Өчигдөр Шожгор Дорж ирээд хагарсан толгойгоо боолгоод явсан юм. Тэр л надад ийм зүйл болсныг хэлээд нүд өгсөн. Намайг энэ тухай хүнд хэлбэл тонилгоно гэсэн юм” гээд залбирав.
Шожгор Доржийг хаана байгааг асуухад “Ууланд бүгсэн үү, аль эсвэл Долгорынд байгаа” гэв. Хүрээний хүүхнүүдэд архи зардаг галч Дэндэвийг Долгорынх руу явууллаа. Тэрбээр удаж удаж “Гэрт нь хэн ч байхгүй байна” гэсээр ирэв. Ингээд тэд зарим нэг хүний мэдээллийн мөрөөр Хандгайтын уулаар хэд хоног Доржийг хайсан боловч бүтэл муутай буцаж ирэв. Отолт хийж, Долгор гэртээ хэн нэгэнтэй байгааг мэдээд шууд дайран ортол Дорж бус, зартай дээрэмчин Хөхий гэгч байв. Түүнийг Долгорын хамт саатуулав. Ингээд тэднийг байцаах зуур Мээжгэр Лувсанг хөнөөсөн тухай мэдээлэл иржээ. Ноцтой гэмт хэрэгтнийг зааж өгсөн хүнийг хамгаалалтад аваагүй нь түүнийг амь насаа алдахад хүргэсэнд цагдаагийн ажилтнууд маш их гэмшив. Хэргийн явц байдлаас харахад Шожгор Доржид мэдээлэл өгдөг хэн нэгэн байгаа гэж тэд таамаглаад мөрдөн шалгасаар мал нядалгааны газар ажилтай Улаан Дармааг сэжиглэн баривчлав. Түүнийг саатуулахаар очсон хүмүүс рүү хутга барин дайрсан Дармаа гэгч арваад хоногийн өмнө Шижирийн давааны орчим лам дүрд хувиран ном уншиж явсан хүн мөн болохыг төвөггүй таньсан ч барих ёстой Дорж сураггүй байв.
Цагдаагийн ажилтнууд хэсэг нөхдөө жинчдийн дүрд хувиргаж Шижирийн давааны цаахна хэд хоног отолт хийлээ. Гэтэл нэг орой хоёр залуу давхин ирж мунаар жинчдийг цохиж унагаад ачаа барааг нь дээрэмдэх зуураа үхэр тэргэнд хэрэгтэй зүйл нэг ч байхгүйг хараад гайхаж орхив. Яг энэ мөчид цагдаагийн ажилтнууд тэднийг бүсэлж баривчиллаа. Тэдэн дунд цагдаагийнхны эрэл сурал болж байсан Шожгор Дорж байсан аж. Нийслэлд үлдсэн цагдаагийн ажилтнууд Долгорын гэрт нуугдаж байгаад буриад Чойжин, Задь хувилгаан, Хогийн Бадам, Агдаевын Мундаг гэх мэт зартай дээрэмчдийг барьж, ард олныг айдасгүй амьдрахад нь ту салж байжээ.
Х.ОЮУНСҮРЭН