Гэртээ байсан цэцэг шиг охидод халдаж, дүүгийнх нь амийг бүрэлгэж, эгчийг нь зэрэмдэглэсэн хэрэгтнүүдийн нэг П.Сумъяажав дахин гэмт хэрэг үйлдсэн нь сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Тэрбээр найз Д.Бямбадоржтойгоо хамтран 2009 оны хоёрдугаар сард өөрт нь тусалдаг, хичээл сургуулийнх нь бэлтгэлийг хангаж, амьдралд нэмэр болохуйц мөнгө өгдөг байсан О-гийн гэрээс 11 сая төгрөг авахын тулд таван настай охиныг хөнөөж, 12 настай эгчийг нь хүнд гэмтээснийг уншигчид мартаагүй байгаа. Тэд гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан гэдэг үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2009 онд санаачилж, УИХ-аар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдан суллагдсан юм. Гэвч П.Сумъяажав төрийн хайр хишгийг даасангүй дахин хүнд гэмт хэрэгт холбогдов.
“Монхоо” хочит тэрбээр ярилцлагадаа “Болчимгүй үйлдэл хийсэн минь үнэн. Түүндээ гэмшиж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намайг уучилсанд баярлаж явдаг. Би гэмшээд, цаашдаа сайн хүн болно гэж бодож байгаа. Одооноос төл өвшиж эхэлсэн” хэмээсэн байв. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах I тасагт П.Сумъяажав нарын бүлэг залууст холбогдох хэргийг шалгаж байгаа юм. Гэмт хэрэг үйлдээд суллагдсан болон 2009 оны Өрш өөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан хүмүүс дахин гэмт хэрэгт холбогдох нь жил бүр нэмэгдэж байгаа аж. 2011 онд 19 мянган гэмт хэрэг гарсныг цагдаагийн байгууллага бүртгэж, мөрдөн байцаалт явуулсан. Энэ хэрэгт өмнө нь ял шийтгүүлсэн, эсвэл өршөөлөөр суллагдсан хүмүүсийн 5.5 хувь нь холбогджээ. Энэ нь 2010 оны үзүүлэлтээс 0.2 хувиар өссөн байгаа юм. Засарч төлөвшихөө хэвлэлээр мэдэгдсэн П.Сумъяажав 2011 оны дунд үеэс эхлээд хулгай, дээрмийн гэмт хэрэгт холбогдож эхэлсэн бололтой.
Мөрдөн байцаалтын шатанд тогтоогдож буйгаар ломбард тоносон, бусдыг дээрэмдсэн хэд хэдэн үйлдэл нь нотлогдсон гэнэ. Тэрбээр өмнө нь шунахайн сэдэлтээр хүүхдийн амь хохироосон бол энэ удаад мөн л шунахайран бусдын эд зүйлсийг хулгайлж, дээрэмдсэн аж. Тэрбээр анхны мэдүүлгээрээ гэмт хэрэгт холбогдолгүй гэж мэлзэж байсан ч, ломбардаас тоносон гар утас, үнэт эдлэл нь түүний гэрээс олдсон учир тэрбээр хэргээ хүлээж эхэлсэн байна. Түүнтэй хамт одоогоор 5-6 хүн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байгаа бөгөөд бусад холбогдогч нар нь олдоогүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Баттай эх сурвалжийн өгүүлснээр түүнтэй хамт эрүүгийн хэрэг үйлдэж байсан хоёр хүн нь Турк руу яваад удаж байгаа аж. Цагдаа, прокурорын байгууллагаас Туркийн талд хоёр сэжигтний талаарх мэдээллийг илгээсэн бөгөөд тус улсын талаас нааштай хариу ирж, сэжигтнүүдийг манай талд шилжүүлэхээр болж буй гэнэ. П.Сумъяажав насанд хүрээгүй байхдаа хүн амины онц хүнд гэмт хэрэг үйлдээд өршөөгдсөн ч шүүх ял оноохдоо хувийн байдал, өмнөх гэмт хэргийн байдал зэргийг нь харгалзан үзнэ гэдгийг хууль хяналтын байгууллагынхан өгүүллээ.
П.Сумъяажавын холбогдсон хулгай дээрмийн хэргийн талаарх мэдээллийг цуглуулж байх явцдаа өмнөх хэргийнх нь хохирогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашзэвгэтэй уулзсан юм. Тэрбээр амиа алдсан болон гэмтсэн охидын өвөө нь бөгөөд хүргэн, охин хоёрынх нь сэтгэл санаа хямраад байдаг учраас өмнөөс нь шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож явсан хүн.
-Таны зээ охидод халдсан гэмт хэрэгтэн П.Сумъяажав дахин хүнд гэмт хэрэгт холбогдож, цагдан хоригдоод байна. Та энэ талаар сонссон л байлгүй.
-Харин тийм байна. Би овог нэр нэгтэй хүн юм болов уу гэж бодоод цагдаагийн байгууллагынхнаас сайн лавлаж асуулаа. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ажилтнууд миний зээ охидод халдсан гэмт хэрэгтнийг мөн гэдгийг хэлсэн.
-Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж суллагдаад дахин гэмт хэрэгт холбогдсон энэ хүний талаар болон уг хуулийн талаар та ер нь ямар бодолтой явдаг бол?
-Төр засаг маань Өршөөл үзүүлэх тухай хуулийг маш яаруу сандруу гаргасны гор нь энэ шүү дээ. Сонсох нь ээ, энэ хүн олон хүнийг хохироосон бололтой юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан хуулийг УИХ-ын гишүүд нягталж үзэлгүй яаран кнопоо дарсан. Би Өршөөл үзүүлэх тухай хууль гаргалаа гэж буруутгаж байгаа юм биш. Ямар хэрэг үйлдсэн этгээд өршөөгдөж, ямар нь өршөөгдөхгүй байх талаар огт хянаагүй гэж би хувьдаа боддог юм. Ер нь бол 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор гаргасан Өршөөлийн хуулийг яг тэр чигт нь хуулсан. Магадгүй Ерөнхийлөгч хувийн амбийц хөөсөн байхыг ч үгүйсгэхгүй.
Гэмт хэрэгтнүүдийг өршөөхийн зэрэгцээ цаана нь байгаа хохирогчдын эрх ашгийг хамгаалах, хохирлыг барагдуулах талаар ерөөсөө авч үзэж бодолцоогүй. Түүнээс гадна цаазаар авах ялаас татгалзлаа гээд байгаа. Магадгүй энэ нь хувийн явцуу амбийц хөөж, гэмт хэрэгтнүүдийн ар гэрийнхний саналыг сонгуулийн үеэр авах гэсэн бодлого ч байж болзошгүй. Надад олдсон мэдээллээр цаазаар авах ял шийтгүүлсэн 32 хүн шоронд байгаа юм билээ. Ер нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж суллагдсан олон хүн дахин хэрэг үйлдэж байна. П.Сумъяажаваас гадна онц хэрцгийгээр бага насны хүүхдийн амь хөнөөсөн “махан толгой” хочит Тулга дахин гэмт хэрэг үйлдсэн байгаа шүү дээ.
-П.Сумъяажав та нарын хохирлыг барагдуулсан уу. Ер нь та түүнийг, гэр бүлийг нь хэр сайн мэдэх вэ?
-Бид шүүхэд эд материалын болон сэтгэл санааны хохирол гээд 134 сая төгрөг нэхэмжилсэн. Шүүх сэтгэл санааны хохирол 100 сая төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж 34 сая төгрөгийг төлүүлэхээр болсон. Гэвч П.Сумъяажав болон ар гэрийнхэн нь охины данс руу сард 100 мянган төгрөг хийдгээс өөрөөр барагдуулсан зүйл алга. Уг нь бол тэднийх хохирол барагдуулах бололцоотой айл шүү дээ. Объект түрээслүүлж мөнгө олдог айл байдаг юм. Ер нь төр гэмт хэрэгтнүүдийг халамжилдгаас биш хохирсон иргэдээ огт харж үздэггүй. Шуудхан хэлэхэд төр хохирсон иргэдээ давхар хохироож байна. Манайхыг гэхэд гэмт хэрэгтэн нэг хохироолоо, дараа нь Өршөөлийн хууль давхар хохироолоо. Өршөөл үзүүлэх тухай хууль хохирогч биднийг илт басамжилж, доромжилсон хууль болсон.
-П.Сумъяажавыг танай хүргэн их харж үзэж, тэтгэдэг байсан гэдэг шүү дээ.
-Тийм ээ. Дунд сургуульд сурч байхад нь үргэлж халамжилж, зун амралтаар нь дэргэдээ ажиллуулж, хичээл орох болоход хувцас хунар, хичээлийн хэрэглэлийг нь авч өгөхийн зэрэгцээ 200 мянган төгрөг өгдөг байсан юм шүү дээ. Гэтэл тэр хүүхэд гэрч үлдээхгүй гэж Д.Бямбадоржийгоо дарамталж зээ охины минь амь насанд халдсан. Том зээ минь эмч нарын ач буянаар бие нь илааршсан. Гэхдээ гэртээ ганцаараа үлддэггүй, сургуулиасаа ч ганцаараа ирж чаддаггүй юм. Бид ч явуулахаас айдаг. Яагаад гэхээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүс нь гадуур сул чөлөөтэй явж байна шүү дээ. П.Сумъяажав одоо энэ хэрэгтээ ялаа авч, ордог газар руугаа яваасай гэж бодож байна. Хэрэг үйлдсэн П.Сумъяажавтай тааралдчих вий гэж бид үргэлж айж явдаг. Тухайн үед Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн болон Мөрдөн байцаах тасгийн ажилтнууд шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг барьж, 11 сая төгрөгөөс хоёр саяыг нь үрж, есөн саяыг нь үрж амжаагүй байхад нь баривчилсан юм шүү дээ. Гэвч алдаатай хууль хуулийн байгууллагын ажилтнуудаа ажиллах нөхцөлгүй болгочихдог юм байна.
Анхан шатны шүүх сайн ажиллаж гэмт этгээдүүдийг хуулийн хариуцлага хүлээлгэхээр тогтоосон. Гэвч Нийслэлийн шүүхэд бүх зүйлийг жонхууруулчихсан. П.Сумъяажав тухайн үед ялаа аваад явсан бол дахин гэмт хэрэг үйлдэж хүмүүсийг хохироохгүй байсан. Би Өршөөл үзүүлэх тухай хууль алдаатай байгаа талаар Ерөнхийлөгч, УИХ, Үндсэн хуулийн цэцэд хандсан боловч Цэц “Энэ хуулийг гаргасан төрийн институц өөрсдөө л хуулиа засах эрхтэй” гэснээс бусад байгууллага нь ямар ч хариу өгөөгүй.
Г.РАВЖАА