Одоо үйлчилж буй захиргааны чиглэлийн 230 гаруй хуулийг нэгтгэн зангидах, тэдгээрийг системчлэх, өөр хооронд нь уял дуулан нийцүүлэх, ингэснээр төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаарх ерөнхий ойлголт, зарчмыг шинээр төлөвшүүлж, захиргааны үйл ажиллагааг нэгдсэн стандартад оруулах зорилгоор ХЗДХЯ-наас Ажлын хэсэг томилж, Захиргааны үйл ажиллагааны ерөнхий хуулийн төсөл боловсруулж байгаа билээ. Энэ хууль батлагдсанаар төрийн байгууллага ба иргэд хоорондын харилцаа нэгдмэл нэг мөр зохицуулагдаж иргэд төрийн байгууллагын хүлээх үүргийн талаар нэг эх сурвалжаас цэгцтэй ойлголт авах боломжтой болно. 2012 оны нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд ХБНГУ-аас хуульч, эрдэмтэн, багш доктор Юрген Харбих Ханс-Зайделийн сангийн урилгаар манай улсад хүрэлцэн ирж Захиргааны үйл ажиллагааны ерөнхий хуулийн төслийг боловсруулж буй ажлын хэсэгтэй уулзалт зохион байгуулж шинээр боловсруулах хуулийн талаар ярилцах гэж байна.