Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхтуяа нарт холбогдох 200 гаруй хохирогчтой залилангийн хэргийг ялтнуудын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн өчигдөр хэлэлцлээ.
Н.Энхтуяа, А.Халиун, Э.Булганаа нар “БНСУ-д байгаа монгол иргэдээс тодорхой хүүтэй валютын хадгаламж татан төвлөрүүлье” гэж тохиролцсон байна. Улмаар өөрсдийн үүсгэн байгуулсан шуудан илгээмж, аялал жуулчлалын “Найман шарга интернэйшнл” ХХК-ийн нэрийг ашиглаж, мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулах эрхгүй атлаа иргэдийг төөрөгдүүлэн 2008 оны нэгдүгээр сараас 2009 оны дөрөвдүгээр сар хүртэл БНСУ-д ажиллаж байсан нэр бүхий 87 иргэнээс сар тутам нэг хувийн хүүтэй валютын хадгаламж авч, 927.2 сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Мөн тэд “БНСУ-аас Монгол руу, Монгол Улсаас БНСУ руу валютын гуйвуулгыг нэг хувийн шимтгэлтэй явуулна” гэж залилан 107 иргэний 428.9 сая төгрөгийг нь авчээ.