Техник технологийн хөгжилтэй зэрэгцэн түүнийг дагасан янз бүрийн гэмт хэрэг гарах болсон. Амар хялбар аргаар мөнгө олох хүсэлдээ хөтлөгдсөн манай иргэд цахим гэмт хэргийн золиос болж байгаа тохиолдол олширч байгааг УМБГ-аас анхааруулж байна. Манай улсын иргэн Ч өнгөрсөн оны сүүлчээр электрон шуудангаар Английн нэгэн иргэнтэй танилцсан аж. Улмаар Монгол Улсад хөрөнгө оруулах хүсэлтэйгээ илэрхийлсэн англи эр 1.5 сая доллар илгээмжээр явуулахаар болж, уг мөнгийг хүлээн авахад шаардлагатай зардал гэж 20 мянган доллар шаардаж эхэлсэн байна. Монгол залуу мөнгө шилжүүлэхдээ хадгаламжаа хоосолж, найз нөхдөөсөө зээлж, сүүлдээ өөрийнхөө орон сууцыг барьцаанд тавьснаар 20 мянган доллараа залилагчид алджээ.
Дашрамд дурдахад төлбөрийн цахим хэрэгсэл болох “American Express”, “Thomas Cook” компаниудаас гаргасан аяллын буюу замын чек, бэлэглэлийн чекүүдийг Монголын томоохон арилжааны банкууд хүлээн зөвшөөрч, бэлэн мөнгөөр сольж өгдөг болсон. Хэрэглэгч чекээ хулгайд алдсан, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд чек гаргагч компани нөхөн олговор өгдөгөөрөө бэлэн мөнгөнөөс давуу талтай. Гэвч сүүлийн жилүүдэд иргэд, харилцагчид чекийн талаарх бүрэн мэдээлэл, ойлголтгүйг ашиглан, аяллын болон бэлэглэлийн чекийг хуурамчаар үйлдэж, хуурч мэхлэх явдал дэлхий нийтэд түгээмэл болоод байгаа аж. Энэ байдал ч манай оронд нэвтэрч, иргэдийг хохироосон тохиолдол гарсан гэнэ. Иргэд хуурамч чекэнд итгэн бэлэн мөнгө шилжүүлчихээд дараа нь чекээ банкинд солиулах үедээ хуурамч гэдгийг мэдэж, багагүй хэмжээний хохирол амсах явдал цөөнгүй гарчээ.