Хоёр сарын өмнө ажлаа хүлээн авсан АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б. Хурц нар бүтцийн өөрчлөлт хийж, хэд хэдэн хүнийг ажлаас халсан нь багагүй хэл ам дагуулсан. Төрийн байгууллагын хүлээсэн үүргийн дагуу тус газрынхан сар бүрийн 25-нд сэтгүүлчидтэй уулзан, улсын нууцад хамаарахаас бусад мэдээллийг нээлттэй өгч байхаар болсноо өчигдөр зарлав. Эхний уулзалтыг тус газрын Хяналт шалгалт, дүн шижилгээний хэлтсийнхэн хийж, хөрөнгө орлогын мэдүүлгийн (ХОМ) явцын талаар мэдээлэв. Тус хэлтсийн дарга Ж.Батсайхан “Манай газар зургаа дахь жилдээ ХОМ авч байна. Өнөөдрийн байдлаар манай газарт ХОМ-гээ бүртгүүлдэг 270 орчим албан тушаалтны 17 хувь, төрийн болон нутгийн захиргааны 121 байгуулллагад бүртгүүлдэг 58000 албан тушаалтны 20800 буюу 35.8 хувь нь бүртгүүлээд байна. Өнгөрсөн жил ХОМ-ийг хянан шалгаж, зөрчил гаргасан 200 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцох албан тоот илгээснийг хуулийн дагуу биелүүлсэн” гэв.
Х.Оюун