Нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд танхайн хэрэг олон гарчээ. Тэдний дунд галт зэвсэг хэрэглэж танхайрсан тохиолдол гарсныг “Нарантуул” олон улсын худалдааны төв дэх цагдаагийн хэсгийн ажилтнууд таслан зогсоосон байна. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, “Нарантуул” захын хүнсний бараа худалдаалах хэсэгт нэгэн эр буу барьж явна гэсэн мэдээлэл өнгөрсөн бямба гаригийн 10:55 цагт цагдаад иржээ. Энэ дагуу “Нарантуул” дахь гэрээт цагдаагийн хэсгийн ажилтнууд шалгахад Налайх дүүргийн II хорооны иргэн 31 настай С гэгч согтуудаа “Иргэн Н-ийг буудаж ална” хэмээн хашгирч явсан аж.
Тэрбээр ОХУ-д үйлдвэрлэсэн “ТОЗ-8” маркийн буу, зургаан ширхэг сумны хамт авч явжээ. Н нь Нарантуул захад наймаа эрхэлдэг бөгөөд Стэй гэр бүл болж байгаад салсан гэнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэн Г-г гэртээ амарч байхад гаднаас нь буудаж гэмтээсэн хэрэг өнгөрсөн ням гаригт гарсан байна. Уг хэргийг Нийслэлийн Хот тохижилтын газрын анчин О гэдэг эр үйлджээ. Тэрбээр өнгөрсөн ням гаригт нохой устгах ажлаар явж байхдаа машин дотроо санамсаргүй буу алдсанаас уг хэрэг гарсан байна.
Г. РАВЖАА