Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа өчигдөр УЕПГ-ын хурлын танхимд “Долоодугаар сарын 1-ний” гэх тодотголтой, цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Уг хэрэг шүүхэд шилжсэнтэй холбоотойгоор хэвлэлээр янз бүрийн мэдээлэл цацагдах боллоо. Мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс би уг хэргийн талаар мэдээлэл хийж байна. Энэ хэргийг 2011 оны арванхоёрдугаар сарын 12-нд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлж, улмаар Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсний дараа хэт нэг талыг барьсан мэдээлэл хэвлэлд гарах болсон. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж буй оролдого байхыг үгүйсгэхгүй.
2008 оны долоодугаар сарын 1-нийх шиг үйл явдал манай улсад дахин бүү давтагдаасай. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсны улмаас бий болсон аймшигт үр дагаваруудын нэг нь цагдаагийн удирдлагад холбогдох хэрэг. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг тараах явцад галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүн нас барж, зургаан хүн гэмтэж, эрэмдэг болсон. Цагдаагийн байгууллага тухайн үед үүрэг хүлээсэн нь үнэн. Тэд замын бүх хөдөлгөөнийг хязгаарласан байсан шүү дээ. Тухайн үед энгийн иргэд галт зэвсэг барьж явсан гэх мэдээлэл ирээгүй.
Хэрэг явдал болсны дараа эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 20 гаруй хонгио л бидэнд ирсэн. Бид мөрдөн байцаалтын ажиллагааны дүнд цагдаагийн байгууллагын ажилтнуудаас энэ хэргийг үйлдэх боломж нөхцөл байсан уу гэдгийг нэгбүрчлэн шалгасан. Энгийн иргэд холбогдсон байж болзошгүй гэж ЦЕГ, ЭЦГ-т хэд хэдэн удаа хандсан ч сэжиглэх материал олоогүй. Тиймээс цагдаа нартай уралдаж энгийн иргэд оролцоогүй гэх үндэслэл бий болсон. Цагдаагийн байгууллагын ажилтан галт зэвсэг хэрэглэсэн гэхээс өөр нотолгоо бидэнд олдоогүй” гэв. Энэ мэдээллийг өгснийхөө дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Хурц гэрэлтэй хар машинтай хүмүүс иргэдийг хөөж байгаад буудсан гэх мэдээлэл байдаг шүү дээ. Цагдаагийн ажилтнуудыг буудсан гэхээс өөр нотолгоо бид олоогүй гэж та хэллээ. Энэ бүгдийг шалгаж үзсэн юм уу?
-Мэдээлэл бүрийг нэгбүрчлэн шалгаж үз сэн гэж би сая хэлсэн. Цагдаагийн байгуул - лагын ажилтнууд галт зэвсэг хэрэглэсэн гэдэг нь шинжээчдийн дүгнэлт болон хэргийн газраас олдсон баримт, 100 гаруй гэрчийн мэдүүлгээр тогтоогддог.
-Цагдаа галт зэвсэг хэрэглэх эрхтэй гэж хуульд заасан байдаг. Долоодугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр цагдаа галт зэвсэг хэрэглэх зайлшгүй шаардлага байсан уу?
-Цагдаагийн байгууллагын тухай хуульд зааснаар зайлшгүй тохиолдолд буудах эрхтэй. Энэ хэрэг явдлын үеэр буудах хэмжээний нөхцөл үүсээгүй гэж хэлж болно. Онц байдлын штабаас жагсаалыг албадан тараах үүрэг өгсний дараа цагдаа нар руу мод, чулуу шидэх гэх мэт үйлдэл иргэдээс гаргаж байсан. Гэсэн ч буудах хэмжээний байдал үүсээгүй.
-Тухайн үед онц байдлын штаб удирдаж байсан, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэх хүмүүсийг энэ хэрэгт холбогдуулж шалгасан уу. Онц байдал зарласны дараа энэ үйл явдал өрнөө биз дээ?
-Засгийн газрын тэргүүн болон тухайн үед Онц байдлын штабыг удирдаж байсан хүмүүсийг холбогдуулан шалгаж, тэдний буруутай үйлдэл тогтоогдоогүй.
-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мөрдөн байцаалтын хавтаст хэргээс авсан нотлох баримт гээд сумны хонгио, дэвтэр зэргийг олон нийтэд дэлгэсэн шүү дээ. Тэр хүн хавтаст хэргийг нийтэд дэлгэх эрх бүхий субъект мөн үү. Түүний яриад байгаа нотлох баримтуудыг шалгуулах хүсэлтийг яллагдагч нарын өмгөөлөгч тавиад байхад шалгахгүй байгаа гэж өмгөөлөгч нь ярьсан. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Х.Тэмүүжиний яриад байгаа дэвтрийг шалгасан, хавтаст хэрэгт ч бий. Х.Тэмүүжин гишүүн мөрдөн байцаалтаар цугласан хавтаст хэргээс нэг ч баримт аваагүй. Цагдаагийн удирдлага үүрэг чиглэл өгсөн гэдгийг шударга цагдаагийн ажилтан хүн мэдүүлсэн байгаа. Цагдаагийн ажилтнууд галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүн нас барж, зургаан хүн гэмтсэн. Энд цагдаа нар буруутай юу, цагдаагийн удирдлага буруутай юу гэдгийг шүүх эцэслэн тогтооно. Харин шүүхийн бие даасан хараат бус байдалд хөндлөнгөөс хэн нэгэн, тэр дундаа цагдаагийн удирдлага, ар гэрийн холбоо гэх байгууллагынхан нөлөөлөхийг оролдож байна.
-Цагдаагийн дарга нарын хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулсан байснаа дахин сэргээж, цэргийн гэмт хэрэг гэсэн зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Хошууч генерал Ч.Амарболдыг цэргийн гэмт хэргийн субъект биш гэх хууль ч байгаа шүү дээ. Энд тайлбар өгөөч?
-2009 онд Ч.Амарболд нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Тэд өөрсдөө хуулийн үйлчлэлд хамрагдах хүсэлтээ гаргасан шүү дээ. Уг хуульд өөрсдөө гэм буруугаа хүлээж, өршөөлд хамрагдах хүсэлтээ гаргасан тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах заалт бий. Гэвч уг хэргийн зарим оролцогч хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж гомдол гаргасны дагуу сэргээн шалгасан.
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдалтай холбогдуулан зүйл ангийг нь өөрчилж, цэргийн гэмт хэрэг болгосон юм. хуулиар бол Ч.Амарболд Дотоодын цэргийн командлагч учраас энэ зүйл анги руу оруулж, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийг журамлан бусад холбогдогчийг хамжигчаар оролцсон гэж буруутгасан. Ингэж ялын зүйлчлэл өөрчлөх явдал бол миний ч хийх ажил биш. Мөрдөн байцаагч өөрт олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд бие даан гаргасан шийдвэр. Энэ бүгдийн эцсийн шийдийг шүүх л гаргана.
Г.ЦОЛМОН