Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Бороо гоулд” компанийн ҮЭХ-ныхон “Нуруулдан уусгах төсөл”-ийг нь зогсоосон ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг өчигдөр шүүхэд өглөө. Энэхүү төсөл зогссоноор Зүүнхараа, Баруун хараагийн 47 иргэний хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдсөн хэмээн тэд үзэж буй аж.
Тус холбооны тэргүүлэгч гишүүн Б.Цэенхүү “Бид 2008 онд бусад компанийн ашигладаггүй хаягдал шороог олборлож, нэг тонн гаруй алт гаргаж авсан. Ажилчид маань хангалттай цалин авч, амьдрал нь дээшилж эхлээд байтал 2009 онд ЭБЭХний сайд асан Д.Зоригт үйл ажиллагааг маань зогсоосон. Түүнээс хойш МХЕГ, ЭБЭХЯ-ны Мэргэжлийн зөвлөлийнхөн, тэр ч бүү хэл Олон улсын байгууллага 10 гаруй хоног шалгаад байгаль орчинд хор хөнөөлгүй гэж дүгнэсэн.
Гэтэл зөвшөөрлийн бичигт нь салбарын сайд гарын үсэг зурахгүй явсаар өнөөг хүрлээ. Хамгийн гол нь Олон-Овоотын уурхайд олборлолт хийдэг “Их Монгол майнинг” гэдэг монгол компанид ийм зөвшөөрөл олгосон атлаа бидний ажиллах эрхийг зөрчиж явсаар хариуцлагаас мултарчихлаа. Өмнө нь түүнд олон удаа хүсэлт хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Сайдын гарын үсгээс болж гэмгүй ажилчид хохироод үлдэх ёсгүй” гэв.
Б.ДЭЛГЭРХИШИГ