Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх орон нутгийнхаа хуулийн байгууллагын албан тушаалтнуудын холбогдсон хэргийг шударгаар шийдвэрлэдэггүй бололтой. Тус аймгийн Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын газрын удирдлагын холбогдсон албан тушаалын хэргийг тус шүүх хоёр дахь удаагаа прокурорын хяналтад буцаачхаад буй. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Ганхуягт холбогдох хэргийг бас л дээрх шүүх цагаатгасан аж. Түүнийг нь давж заалдах шатны болон Улсын дээд шүүх үндэслэлгүй гэж үзээд дахин хэлэлцүүлэхээр болоод байна.
Хамгийн сүүлд уржигдар Б.Ганхуягт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзсанаар анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Түүнийг төсвийн ерөнхийлөн захирагч буюу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа Ерөө сумын нутаг, Өлөнт, Бугант, 35-ын ам, Улаан гүүр гэх газарт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт дөрвөн цэгийн үйл ажиллагааны зардал болох 70 сая төгрөгийг тус сумын Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэн 2022 оны долоодугаар сард Цагдаагийн газрынхаа Төрийн сангийн дансанд хүлээн авчээ. Улмаар уг мөнгөнөөс 30 саяар нь шатахууны талон авахаар Дархан-Уул аймаг дахь нэгэн аж ахуйн нэгж рүү шилжүүлж, урамшуулалд нь 900 000 төгрөгийн шатахууны талоныг нэмж авсан гэнэ. Уг шатахууны талоноо бэлэн мөнгө болгож, Цагдаагийн газрынхаа албаны байрны өрөө тасалгааны завсар, хүлээлгийн сандал, ширээ авахад зарцуулсан байна.
Тиймээс АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст түүнийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр шалгасан бөгөөд прокуророос Б.Ганхуягт Эрүүгийн хуулийн 22.8-1 дэх хэсгийн “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийн зориулалтын бусаар зарцуулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү энэ хэргийг өнгөрсөн гуравдугаар сард хянан хэлэлцээд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Ганхуягийг цагаатгасан аж. Сэлэнгэ аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны тавдугаар сард түүнд холбогдох хэргийг хэлэлцээд цагаатгасан нь үндэслэлгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр болсон юм.