ЭМЯ-наас энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан билээ. С.Чинзориг сайдаар ажиллаж байхдаа буюу өнгөрсөн гуравдугаар сард Төрийн ордонд зохион байгуулсан зөвлөгөөний үеэр ийм уриалга гаргах болсноо мэдэгдсэн. Зөвхөн яам гэлтгүй эрүүл мэндийн байгууллагууд ч иймэрхүү уриалга дэвшүүлдэг болоод удаж буй. Үр дүнтэй ажиллаж байвал уриалга, зорилт дэвшүүлж болно. Даанч манай эрүүл мэндийн салбарт үр дүнгүй уриалга лоозон, зорилго, зорилт нь олон. УИХ, Засгийн газрын төлөөлөл, ДЭМБ, ЭМЯ, харьяа байгууллага, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газрын удирдлага гээд нийт 150 гаруй хүнийг хамруулсан дээрх зөвлөгөөний үеэр С.Чинзориг эрүүл мэндийн салбарт өнгөрсөн онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг тайлагнаснаас гадна энэ жил дэвшүүлж байгаа зорилтуудыг ч хэлэлцүүлсэн. Мөн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх ажилд идэвхтэй хамтрах үүргийг эмнэлгийн удирдлагуудад өгч байв. Тус хуулийн хүрээнд дээрх уриалгыг гаргасан юм билээ. ЭМЯ үр дүнгүй уриалгууд “үйлдвэрлэсээр” байна Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гол чиглэл нь иргэдийг өвдсөнийх нь дараа бус, өмнө нь урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа хийх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулах, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэх учиртай. Салбарын анхдагч хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилго тавьсан юм байна. Мөн Эрүүл мэндийг дэмжих сангийн үйлчлэх хүрээг өргөтгөж, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад шинэ технологиуд нэвтрүүлэх зардлыг тусгуулна гэж байв. Даанч дараагийн сайд нь ажлаа “аваад”, дэмжих жилийн хүрээнд хийх энэ мэт амлалт, зорилтууд нь мартагджээ. Энэ он дуусахад гурван сар гаруйхны хугацаа үлдээд байхад өнөөх сүржин уриалгынх нь үр дүн ер харагдсангүй. Уриа лоозон төдийхнөөр л үлдэх бололтой. Хууль, эрх зүйн орчин бүрдүүлсэн нь сайн хэрэг. Гэвч “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийг Сүхбаатарын талбайд ганц өдөрлөг зохион байгуулж, иргэдэд “өөрсдийнх” нь өвчний үзүүлэлтүүдийг эмхэтгэсэн статистикийн хэдэн ном, товхимол тарааж, танилцуулсан болоод дуусгах гэж үү. Өдөрлөг гэхээр л иймхэн үйлчилгээнээс хэтэрдэггүй байж боломгүй. Яамныхан үүнээс өөр дорвитой ажил хийж чадалгүйгээр иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжинэ гэсэн жил нь ч шувтарч байна. Уг нь салбарын яамнаас зарладаг иймэрхүү уриалгуудыг ДЭМБ, НҮБ зэрэг байгууллага дэмжиж, чамгүй хөрөнгө оруулдаг гэх. Яам ч уриалга дэвшүүлсэн жилийн ажилдаа зориулаад төсөв “босгодог”. Гэтэл дэмжих жил нэртэй уриалгуудыг нүдэнд харагдаж, гарт баригдтал үр дүнтэй хэрэгжүүлдэггүй. Хэн ч үүнийг хянаж, анхаардаггүй юм байна. Өөрөөр хэлбэл, үр дүн, төсөв, зардлыг нь үнэлж дүгнэсэн судалгаа, аудит манайд одоогоор алга. Эрүүл мэндийн хөгжлийн
төвийнхнөөс энэ талаар тодруулахад “Манайх тийм судалгаа хийдэггүй, ер нь аль ч байгууллага үүнийг судалдаггүй байх” гэв.
Ерөнхийдөө манай сайд, дарга нар олон нийтэд таалагдахын тулд, ажил хийсэн болж харагдах гэж л янз бүрийн уриалгууд дэвшүүлдэг. Түүнийхээ хэрээр төсөвт мөнгө тусгуулдаг нь ч үнэн. Төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгийг дэмий урсгадаг, хэнд ч хэрэг, тус болдоггүй уриалгуудын цаана хэн нэгний ашиг сонирхол байхыг ч үгүйсгэхгүй гэдгийг салбарынх нь эмч, мэргэжилтнүүд шүүмжилдэг юм билээ. Эрүүл мэндийн салбарын зардал их наядаас хэтэрдэг болоод удсан. Тэгсэн атал иргэдийн өвчлөл улам ихэссээр, салбарын яамныхан, холбогдох албаныхан нь ч “Зардал бага байна, нэмэх хэрэгтэй” гэж гоншигносоор байна. Түүнээс биш яаж хүн амаа өвчлүүлэхгүй байх вэ, төсөв, санхүүжилтийг багасгах, байгаагаа хэрхэн үр ашигтай зарцуулах вэ гэдэг нь тэдэнд огт сонин биш болж. Эрүүл мэндийн даатгалын сан хязгаартай, ард иргэдээ өвтгөөд л байвал нөхцөл байдал улам л хүндэрнэ. Тиймээс л нийгмийн эрүүл мэндийг дэмжих ажил чухал болоод байсан юм, уг нь.
“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд энэ онд хүн амд үзүүлэх анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үүнд төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллана гэсэн олон томоохон зорилт дэвшүүлжээ. Харамсалтай нь, тэдгээрийнхээ алийг нь ч биелүүлж чадахгүй байсаар жилийнх нь хугацаа дуусах нь. Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрх хангагдаагүй, зөв зан үйлийг төлөвшүүлээгүй, дундаж наслалтыг нэмэгдүүлээгүй цагт нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай ярих болоогүй гэж салбарын судлаач хөндсөн удаатай.
Хэдий болтол бид жил бүр дэвшүүлдэг ч үр дүнгүй уриалгуудыг, нөгөөх л мянганы хөгжлийн биелдэггүй зорилтуудаа сануулдаг, зорилгыг биелүүлэхэд нэг шат урагшилсан гэх мэт худал тайланг хурал цуглаан бүрд дарга нараас сонсоод суух билээ. Биелдэггүй, үр дүнг нь үнэлдэггүй юм бол тийм олон мөрөөдлийн зорилт, стратегитай байгаад яах юм.
Өмнөх жилүүдэд ч салбарын яамнаас цөөнгүй уриалга дэвшүүлж байсныг заримаас нь сануулъя. Тухайлбал, “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”, “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих жил”, “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”, “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”, “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” гэх мэт өчнөөн олон уриа лоозон гаргасан жишээ бий. Өвчинтэй тэмцэх олон улсын бүх өдрийг манайх тэмдэглэдэг. Тэр өдрөө хүмүүст одон, тэмдэг гардуулаад, баяр болгоод л дуусгачихдаг. Үүний цаана бодит үр дүн огт гардаггүй нь л хамгийн харамсалтай юм. Эдгээрээс нэг л жишээ хэлэхэд, эх, хүүхдийн эрүүл мэндийг олон жил дэмжээд буй гэх ч одоо болтол манай улс эхийн эндэгдлийг мянганы хөгжлийн зорилтод хүртэл бууруулж чадаагүй. 100 мянган хүн тутамд эхийн эндэгдэл 26 буюу бүсийн орнуудынхаа урд бичигдсэн хэвээрээ байна.
Салбарын яамны энэ мэт мөрөөдлийн уриалгууд орон нутагт ч “халдварлаж”, зорилго, зорилт дэвшүүлдэггүй аймаг, сум гэж байхаа болив. Нэг аймгийнхан бүр жилд хоёр, гурваар нь уриалга “үйлдвэрлэж” байлаа. Уриалга, зорилт дэвшүүлж огт болохгүй гээгүй. Гол нь үр дүн нь хаана байна вэ л гэдэг чухал. Тухайн жилд хийж, хэрэгжүүлж амжихгүй ажлуудаа бүтэшгүй зорилго, уриа лоозон болгон дэвшүүлдэг, түүнийгээ ажил хийсэн мэтээр сурталчилдаг ядмаг арга, байдлыг цаашид халах цаг болжээ. Уриалгуудын олонх нь цаг, цалин хөлс барсан ажил болоод л дуусдаг гэх юм билээ.