Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр АТГ-ын ажилтнууд саатуулж, цагдан хорьжээ. Энэ талаар тус аймаг дахь албаны хүмүүсээс лавлахад “Энэ хавиар тийм яриа байгаа. Түүний гар утас нь ч холбогдохгүй байна. Олны үг ортой байх. Учир нь өнгөрсөн долоо хоногийн эхээр АТГ-ын ажилтнууд энд ирж ажиллаад, бямба гаригт буцсан. Их л олон зүйл шалгасан сурагтай” гэв.
Тэгвэл АТГ болон прокурорын байгууллагын ажилтнууд “Түүнийг албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт сэжиглэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа нь үнэн” гэлээ. Эх сурвалжийн өгүүлснээр Ж.Баянмөнхийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ”үйлдвэрийн газрыг өөрийн дотнын найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм байна.
Цагдан хоригдсон гэх энэ мэдээлэлтэй давхцан Ж.Баянмөнх огцрох өргөдлөө МАН-ын дарга С.Батболдод өгсөн тухай мөн сонсогдов. Энэ талаар МАН-ын Олон нийттэй харилцах албаныхан “Засаг дарга Ж.Баянмөнх ажлаа өгч байгаа нь үнэн. Түүний оронд хэнийг томилох талаар МАН-ын Удирдах зөвлөл дээр яриагүй байгаа” гэлээ.
Г.РАВЖАА