Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр, “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьчилж авсан хэмээн буруутгаж, АТГын Мөрдөн шалгах хэлтэс болон УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Ажлын хэсэг гарган шалгаж байгаа билээ. Уг хэрэгт холбогдуулж, Н.Энхбаярын хүү, “Ремиф” компанийн захирал Э.Батшугар, мөн Ерөнхийлөгч асны шадар туслах Б.Тулгыг ах Б.Хуягийнх нь хамт сэжигтнээр тооцон шалгаж, тайлбар аваад байгаа юм байна. Ажлын хэсгийнхэн Н.Энхбаярыг хэд хэдэн удаа дуудаж тайлбар авах гэсэн боловч тэрбээр огт ирээгүй аж. Харин “Би та нарт тайлбар огт өгөхгүй, очих ч үгүй” гэсэн албан бичиг илгээжээ. Энэ байдлаас болоод АТГ, УМБГ-аас байгуулагдсан Ажлын хэсгийнхний мөрдөн шалгах ажиллагаа саатаад байгаа аж.