Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирын орд газарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулж, тус ордыг тусгай хамгаалалтын бүсэд авах саналтай байгаагаа Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мэдэгдлээ. Тэрбээр БОАЖЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам, МХЕГ, Ашигт малтмалын газар, ЦЕГ-ын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийсэн юм.
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирын уул орчимд Цагаан овоо MV-006907, Улаан толгой MV-006720 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг “Спейшл майнз” ХХК эзэмшдэг. Гэвч уг талбайд анх улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Япон, Германы мэргэжилтнүүд хайгуул хийж, нөөцийг нь тогтоож байж. 2003 онд “Баян газар” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлийг авч, 2004 онд “Цагаан цахир гоулд” нэртэйгээр ашиглалтын лиценз эзэмшин Хятадын хөрөнгө оруулалтаар олборлолтоо эхлүүлж байсан аж. Гэвч тус компани цианит натри зэрэг химийн хортой бодис ашиглан, хариуцлагагүй ажилласны улмаас Баян-Овоо сумын 64 толгой мал шлам бүхий ус ууснаас үхэж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байхад уг хэргийг нуун дарагдуулсан байна. Тухайн үед аймгийн ИТХ-аас үүссэн байдлыг зогсоохоор “Баянгазар” компанийн эзэмшиж байсан талбайг хуулийн дагуу тусгай хэрэгцээний газарт хоёр удаа авсан ч тус компани “Чингис хаан гоулд”, “Спейшл майнз” зэргээр нэрээ өөрчлөн, үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж. Түүнчлэн тус компани эзэмшлийн талбайгаа хамгаалж чадаагүйгээс 2006 онд нинжа нар уг газарт олборлолт явуулах болсон. Үүний улмаас улсын хэмжээнд онцгой байдал зарлаж, Цагаан цахираас 37 тээрэм, ихээхэн хэмжээний мөнгөн ус хураан авч байсан гэнэ.
МХЕГ-аас Цагаан цахирын орд орчимд өнгөрсөн оны арваннэг, арванхоёрдугаар сард шалгалт хийхэд нийт 32 нөхөрлөл ажиллаж байжээ. “Спейшл Майнз” компанийн хашчихсан байгаа дээрх 50 га талбай хуулиараа 10 нөхөрлөлд ногдох хэмжээний газар юм байна.
Түүнчлэн Баянхонгор аймагт одоогийн байдлаар Байдраг голын голдирлын дагуу дөрөв, Шар усны голын дагуу хоёр компани алт олборлохын зэрэгцээ томоохон талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг бөгөөд Байдраг, Түй, Шар ус гэсэн үндэн гурван голын ай савд хуваагддаг. Гэвч 2009 онд батлагдсан “Урт нэртэй” хууль өнөөг хүртэл хэрэгжихгүй, голын урсац бүрэлдэх газарт ийнхүү олон компани олборлолт явуулж байгаагаас дээрх голуудын усны түвшин эрс буурчээ. Нутгийн иргэд эдгээр асуудлаар байнга гомдол, саналаа илэрхийлж байгаа аж.
Тиймээс сайд Г.Занданшатар уг Ажлын хэсгийг санаачлан байгуулж байгаа бөгөөд тус тусын үүргийн хүрээнд хяналт, шалгалт хийж ирэх сарын 4-нд дахин хуралдахыг үүрэг болгосон. Тэрбээр “Энэ бол сонгууль угтсан улс төр биш. Хонгор нутгийн иргэдийн эрүүл мэнд, өвөг дээдсээс өвлөн авсан газар нутаг ямар ч улс төрөөс илүү үнэтэй. Хэрвээ буруу хэрэг үйлдсэн байвал аль намын, хэн байх нь хамаагүй. Иргэд, эх нутгийн эрх ашиг эрхэм дээд” хэмээн мэдэгдэв.
Р.Оюун