Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-т нь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан байдаг. Ийнхүү хуульчилсан атал “эцэг хууль”-ийн болон Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар газар эзэмшүүлсэн тохиолдол өмнөд хилийн бүсийн аймаг, сумд гарсан нь “Нүүрсний” гэх тодотголтой хэргүүдийг хянан шалгах УИХ-ын түр хорооны нээлттэй сонсголын үеэр илэрхий болсон билээ. Зөвхөн Өмнөговиор тогтохгүй бусад аймагт ч ийм явдал гарсан гэх мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллагынхан нарийвчлан шалгаж буй юм. Үүнд эрх мэдэл бүхий нийтийн албан тушаалтнууд холбогдож болзошгүй байдаг. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтэй дарга нар албан тушаалаа урвуулж, хууль зөрчин газар олгосон хэрэгт холбогдон шалгуулж эхэлсэн.
Тэгвэл эдийн засгийн чөлөөт бүс гэх тусгай хэрэгцээний газарт ч газар олгохдоо эрх мэдлээ урвуулж, хахууль авах нөхцөл үүсгэсэн албан тушаалтан байна. Түүнд холбогдох хэргээс уншигчдадаа хүргэе.
“ЗАМЫН-ҮҮДЭЭС ЭРЭЭН РҮҮ ЧӨЛӨӨТ БҮСИЙН АЖЛЫН АЛБАНЫ МАШИНААР ХҮН ТЭЭВЭРЛЭДЭГ БАЙСАН”
Чөлөөт бүс бол тухайн бүсэд эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, ложистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой. Гэвч манайд чөлөөт бүс төдийлөн үр дүнгээ өгөөгүй, байгуулах ажил яст мэлхийн хурдаар явж буй билээ. Ийнхүү “гэлдэрч” байгаад төрийн үйл ажиллагааны буруу ч бий, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж буй албан тушаалтнуудынх нь үйлдэл ч нөлөөлдөг гэхэд хилсдэхгүй. Уг нь Монголд өмнөд талдаа “Замын-Үүд”, хойд хил дээрээ “Алтанбулаг” хэмээх чөлөөт бүс байгуулахаар олон жилийн өмнөөс ярьж, тууз хайчилсан ч өнөөг болтол бүрэн гүйцэд ашиглалтад оруулаагүй л байгаа. Гэтэл тэнд ажилладаг төрийн албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдох болсон. Сэлэнгийн “Алтанбулаг” чөлөөт бүсээс согтууруулах ундаа их хэмжээгээр татваргүй нэвтрүүлсэн хэрэгт тө рийн албан тушаалтнууд холбогдон хууль сахиулах байгууллагад шалгуулж, шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон.
Тэгвэл өмнөд хилийн “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан И.Батнасан албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхээс ял шийтгэл сонсоод байна.
Түүнийг шалгуулахаар “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажилладаг нэг бус хүн гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад хандсан аж. Тодруулбал, “И.Батнасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны эзэмшлийн автомашинаар өдөр бүр Дорноговь аймгийн Замын-Үүд сум, БНХАУ-ын Эрээн хотын хооронд хүн тээвэрлэдэг. Замын-Үүд боомтын үйл ажиллагаа чөлөөт бүсийн байранд түр шилжсэнтэй холбогдуулан чөлөөт бүсийн мэргэжлийн албадын байрыг дур мэдэн түрээсэлсэн. Татваргүй барааны дэлгүүр, зоогийн газар, “Голомт”, ХААН, Төрийн банкны АТМ-уудыг байршуулсны түрээсийн орлогыг хувийн дансаар авдаг байснаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хориглосон албан бичиг ирснээс хойш буюу 2019 оны арванхоёрдугаар сараас байгууллагын дансаар авах болсон. Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь хоёр байр түрээсэлдэг бөгөөд нэг байранд И.Батнасан суудаг, нөгөөг нь өөр хүмүүст ашиглуулдаг. Чөлөөт бүсэд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр газар эзэмших эрх авсан аж ахуйн нэгжийн газрын байршлыг сольж өгсний хариуд таван сая төгрөгийг нярав Я.Хүрэлчулууны дансаар дамжуулан авсан. Тус чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт удаа дараа өгсөн ч тэнцээгүй, тусгай шаардлага хангаагүй хүмүүсийг ажилд авсан, хууль бусаар гэрээт ажилтнууд томилсон ч заримынх нь цалингийн данс хуурамч, бүртгэлгүй байсан. Энэ мэтээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй учир хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдээлэл АТГ-ынханд ирсэн байна.
Мөн 2017 оны арванхоёрдугаар сард “Томилолтоор ажиллуулах тухай” хуурамч захирамж албан баланк дээр гаргуулж, түүнийгээ ГХЯ-нд хүргүүлсэн, 2018 оны долоодугаар сард жолоочдоо бас хууль бус захирамж гарган өгч тус яаманд өгсөн. Уг асуудлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж эхэлсэн ч тэгсхийгээд чимээгүй болсон. Түүнчлэн “Засварын зардал батлуулах тухай” захирамж гаргасан ч тухайн захирамжид дурдагдсан засварын ажлыг огт хийгээгүй гэсэн мэдээлэл ч АТГ-ынханд ирсэн аж.
“ГАЗРЫН БАЙРШЛЫГ ӨӨРЧЛӨХӨӨС ӨМНӨ ДАРГА ҮҮРЭГ ӨГСӨН” ГЭЖЭЭ
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга И.Батнасанг “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн газрын байршлыг өөрчилж, захирал Н.Саруулаас нь 2019 оны аравдугаар сард нярав Я.Хүрэлчулууны хувийн дансаар дамжуулан таван сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгасан байдаг.
Энэ талаар гэрчүүд “И.Батнасан дарга “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн байршлыг өөрчлөх, солих талаар үүрэг чиглэл өгч байсан” хэмээн мэдүүлсэн байх юм. Тухайлбал, дээрх ажлын албанд ажилладаг мэргэжилтэн нь “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн 2018 оны гуравдугаар сарын 2-ны захирамжаар “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-нд 0.4 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрх олгосон байсан. Түүний дараа чөлөөт бүсийн захирагч 2019 оны аравдугаар сарын 15-нд “Газар эзэмших, ашиглах эрхийн байршил өөрчлөх тухай” захирамж гаргаж “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн 4000 ам метр эзэмшил талбайг чөлөөт бүсийн гуравдугаар хэсгийн гол зам дагуу худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай байрлалыг нь өөрчлөхөөр болсон. Уг захирамж гарахаас 15 хоногийн өмнө И.Батнасан дарга газрын мэргэжилтэн, бид хоёрыг өрөөндөө дуудаад “Чөлөөт бүсэд очиж ажиллаад “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн байршлыг өөрчил” гэсэн үүрэг чиглэл өгсөн. “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК нь манай байгууллагад ажилладаг хувь хүнд мөнгө төгрөг, бэлэг сэлт, шан харамж өгсөн асуудал байхгүй. Харин манай байгууллагад тус компанийн зүгээс таван сая төгрөг өгөхөөр болсон байсан. Хэрхэн, ямар байдлаар өгсөн талаар мэдэхгүй байна” гэв.
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны газрын мэргэжилтэн нь мэдүүлэгтээ “Тухайн захирамж гарахаас хэд хоногийн өмнө И.Батнасан дарга өрөөндөө дуудаад “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн байрлалыг чөлөөт бүсийн гуравдугаар хэсгийн төв зам дагуу шилжүүлье. Тухайн төв зам дагуу байрлалтай таван аж ахуйн нэгжийн хажууд сул талбай байгаа юу” гэж надаас асуусан. “Байгаа” гэхэд И.Батнасан дарга “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийг шилжүүлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн” хэмээжээ.
Тэгвэл дээрх компаниас дансаараа дамжуулан мөнгө авсан гэрч Я.Хүрэлчулуун “Миний хувийн дансыг ашиглан 2019 онд манай байгууллага мөнгө төгрөг авч байсан асуудал бий. Миний ХААН банкны дансанд тухайн оны ес, аравдугаар сарын үед таван сая төгрөг орж ирснийг дарга И.Батнасан, нягтлан бодогч нарын зөвшөөрснөөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумд байрлалтай Чөлөөт бүсийн мэргэжлийн албадын нэгдсэн байранд сантехник, цахилгаан, дулааны тоног төхөөрөмж авч, холбогдох баримт бичгийг Санхүүгийн хэлтсийн даргад өгсөн. Миний ХААН банкны юанийн дансаар 2018 онд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас мөнгө орж ирсэн ба тухайн мөнгийг шаардлагатай эд зүйл авах зэрэгт зарцуулаад дуусгасан. Уг мөнгийг И.Батнасан дарга тэргүүтэй хүмүүсийн зөвшөөрлөөр миний дансанд шилжүүлж байгууллагын хэрэгцээт зүйлд зарцуулдаг.
Манай байгууллагын жолооч над руу мөнгө шилжүүлдэг байсан. Чөлөөт бүсийн нэр дээр байдаг тээврийн хэрэгслээр манай жолооч Замын-Үүд сум БНХАУ-ын Эрээн хот хооронд хүн тээвэрлэж мөнгийг нь над руу шилжүүлдэг байсныг бас байгууллагын хэрэгцээт зүйлд зарцуулж ирсэн” хэмээсэн байх юм.
“ХИЛЭЭР 245 УДАА НЭВТЭРЧ, 30 000 ЮАНИЙН ОРЛОГО ОЛСОН”
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Батнасанг буруутгаж шалгуулахаар гомдол, мэдээлэл дунд хилээр хүн тээвэрлүүлж орлого олдог ч санхүүгийн бүртгэлдээ тусгадаггүй тухай дурдсан байдаг.
Тэгвэл жолооч Д.Б нь энэ талаар мэдүүлэг өгөхдөө “Би албаны тээврийн хэрэгслээр 245 удаа хилээр нэвтэрсэн нь үнэн. Хилээр ийм олон удаа нэвтэрсэн шалтгаан нь 2019 оны найм, есдүгээр сард барилгын засвар үйлчилгээний чиглэлээр нэлээд хэдэн удаа өмнөд хөрш рүү явсан. Миний хувьд 2019 онд тус албаны тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сум болон БНХАУ-ын Эрээн хотын хооронд хүн тээвэрлэж, нийтдээ 30 000 юань буюу 10 гаруй сая төгрөг олж нярвын ХААН банкны юанийн данс руу 5000-ыг нь шилжүүлж байсан. Үлдэгдэл мөнгийг дарга нартаа тухай бүрд нь бэлэн юаниар өгч байлаа. Манай “Замын-Үүд” чөлөөт бүсийн дарга нар засварын ажилд мөнгө олох хэрэгтэй байна. Тиймээс хилээр хүн тээвэрлэж мөнгө ол” гэсэн чиглэл өгч байсан” гэж ярьжээ.
Тэгвэл санхүүгийн мэргэшсэн шинжээч энэ хэрэгт дүгнэлт гаргахдаа “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны 2016-2019 оны байгууллагын үйл ажиллагааны орлогод тусгаагүй, байгууллагын үйл ажиллагаанаас олсон орлогыг нярвын ХААН банкан дахь гурав, “Голомт” болон Төрийн банкны тус бүр нэг данс, бэлнээр авсан мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг Төсвийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу байгууллагын бүртгэлд тусгаж, орлогод авсны дараа зарцуулалт хийх ёстой байсан. Гэтэл байгууллагын данс бүртгэлд тусгалгүй зарцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл” гэж үзсэн байв.
И.БАТНАСАН: ЧӨЛӨӨТ БҮС ГЭХ БАЙГУУЛЛАГА АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН
И.Батнасан мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хурлын үеэр “Хахууль авсан гээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Хахуульд авсан гэх мөнгийг би хандив гэж бодож байна. Чөлөөт бүс гэх байгууллага ажиллаж чадахгүй байсан. Ядахдаа хаалгыг нь нээе гэдэг бодлого баримталж ажилласан. Худалдааны байгууллага нэг газарт төвлөрөөд, хаалгыг нь нээж зорчигч, үйлчлүүлэгчийг хамруулж явахгүй бол идэвхгүй, төрийн ажлыг ингэж явуулж болохгүй гэсэн бодлогод хүрч, чадахаасаа чадахгүйгээ хүртэл ажилласан. Үүний дагуу 5-6 байгууллагыг нэг газар бөөгнөрүүлье гэж шийдсэн. Яагаад бөөгнөрүүлсэн бэ гэхээр чөлөөт бүс дотор худалдааны бүс нэгдсэн нэг газар биш, таруу байсан. Энийг бөөгнөрүүлэх нь дотоод зохион байгуулалт гэж бодсон. Нэг үйл ажиллагаа зохион байгуулах гэхээр төсөв хүрэлцэхгүй, бүсэд байгаа байгууллагуудаас тусламж хүсэхээр нөгөөдүүл нь байхгүйгээ дууддаг.
“Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-д давуу байдал үүсгэсэн зүйл байхгүй. Чөлөөт бүс, тэр дундаа худалдааны бүс дотроо таруу байрласан байгууллагуудыг нэгтгэж, бөөгнөрүүлсэн шийдвэр нь миний эрх хэмжээ, хэрэгжүүлж байсан зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа гэж бодож байна. Бүсийн гадна байгаа байгууллагыг дотогш оруулаад, эсхүл өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан байгууллагыг татаж авчраад байршуулсан бол энэ нь давуу байдал болох байсан. Тиймээс давуу байдал үүсгэсэн гэж бодохгүй байна. Уг нь бүсийн дотоод үүрэгт үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудын ажиллах нөхцөлийг хангаж өгөх ёстой байсан” гэх зэргээр мэдүүлжээ.
И.Батнасан нарт холбогдох хэргийг шүүх хэлэлцээд Эрүүгийн хуулийн 22.9-1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан буюу “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа нярвынхаа хувийн харилцах дансаар болон бэлнээр түрээсийн төлбөр, нэвтрэх үнэмлэхийн хураамж, бусад орлого нэрээр бүрдүүлсэн төрийн өмчийн төсвийн бус хөрөнгөд хамаарах 49.5 сая төгрөгийн орлогыг байгууллагын бүртгэлд авхуулахгүй байх үүрэг өгч, ямар нэгэн баримтгүйгээр зориулалтын бусаар зарцуулсан” гэх үйлдэл нь “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж үзсэн байна.
Харин И.Батнасанг Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсэгт заасан “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан” гэм буруутай гэж дүгнэжээ. Тодруулбал, “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн эзэмшихээр авсан 0.4 га газрын байршлыг чөлөөт бүсийн гуравдугаар хэсгийн гол зам дагуу худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр өөрчилж өгснөөр хахууль өгөгчийн ашиг сонирхлыг гүйцэтгэсэн. Үүний хариуд таван сая төгрөг авсан болох нь нотлогдож байгаа. Хахууль өгөгчийн ашиг сонирхлыг гүйцэтгэсний хариуд авсан мөнгийг юунд зарцуулахыг хуулиар зохицуулаагүй тул шүүгдэгч И.Батнасанг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ. Ингээд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан И.Батнасанд 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жилийн хугацаагаар хассан байна.
Түүнд хахууль өгсөн хэмээн буруутгагдсан “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн удирдах албан тушаалтан Н.Саруул хэдийгээр “Газрын байршил солихтой холбоотойгоор хандив өгсөн зүйл байхгүй. Цахилгаан, дэд бүтцэд ойртон компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлье гэж бодож байгууллагад нь хандив өгсөн” хэмээн мэдүүлсэн ч шүүхээс түүнийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд тооцож, 2.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.