“Дижитал” хамтлагийн ахлагч, Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаярыг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгт мөрдөх хэлтсийн ажилтнууд эрүүгийн хэргийн сэжигтнээр тооцож цагдан хорилоо. Тэрбээр Н.Алтай гэх 37 настай эр болон өөр хэдэн залуугийн хамтаар мансууруулах төрлийн бодис хэрэглэж, хадгалсан хэргээр саатуулагдсан байна. Шалгалтын явцад Бааварынхаас мансуурагчдын дунд “мөс” гэж нэрлэгддэг амфитамин гэх хүчтэй үйлчилгээтэй бодис багагүй хэмжээгээр олдсон аж. Цагдаагийнхан “Тэрбээр мансууруулах бодис хэрэглэдэгээ хүлээсэн. Тэднийхээс тийм ч их биш ч эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний мансууруулах бодис олдсон нь үнэн. Зарим хэвлэлд 70 саяар үнэлэгдэх гэж бичсэн байна. Тийм их хэмжээтэйгээр гараагүй. Уг хэрэгт холбогдуулж Баавар нарын дөрвөн хүнийг шалгаж байгаа. Шалгалтын явцад сэжигтэн хэд ч болж болзошгүй. Хураагдсан “мөс”-нөөс дээж авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Гаалийн төв лаборатори руу шинжлүүлэхээр явуулсан” гэлээ.
Баавар мансууруулах бодистой холбоотой хэрэгт анх удаагаа шалгуулж байгаа биш юм. Тэрбээр 2006 онд Р.Рагчаабазар, дижи Өөжий буюу О.Ганболд нарт холбогдох хэрэгт сэжигтнээр шалгуулж байсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан билээ.
Бааварыг цагдаагийнхан түүнээс хойш дахин нэг удаа эрүүгийн хэрэгт шалгасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр өнгөрсөн жил хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан хэрэгт холбогдож байжээ.