Амь насанд нь заналхийлсэн 15 захидлыг Израилын баг тамирчид хүлээж авсан учир Францын хууль сахиулагчид үүнийг мөрдөн шалгаж эхэлжээ. Одоогийн байдлаар жүдоч, олимпын наадмын нээлтийн ёслолд Израилын Төрийн далбааг барьсан П.Пальчик, усанд сэлэгч М.Амир Черути нар ийм захидал хүлээж авсан нь тодорхой болоод байна.
Өөрсдийгөө “Үндэсний батлан хамгаалах байгууллага” гэж нэрлэсэн бүлгээс тэдэнд хаяглаж ирүүлсэн захидалд “Та нарыг Парист уриагүй. Хэрэв та нар Парист ирэх юм бол 1972 онд Мюнхенд болсон явдлыг бид давтана. Бид та нар луу нисэх буудал, зочид буудал, гудамж гээд хаана ч дайрч магадгүй. Манай байгууллагын гишүүдийг баривчилсан ч бидний төлөвлөгөөг хэн ч зогсоож чадахгүй” гэж дурдсан байжээ.
Түүнчлэн зарим тамирчинд өөрийнх нь оршуулгын ёслолын урилгыг илгээснээс гадна дугаараа нууцалсан дуудлагаас байнга залгаж байгаа аж.
Гаазын зурваст хаях тэсрэх бөмбөгөн дээр “Та нарт баяртайгаар илгээж байна” хэмээнбичиж буй бичлэгээ П.Пальчик олимпын наадмын өмнө нийгмийн сүлжээнд оруулсан юм. Хэдий тэрбээр уг бичлэгээ удалгүй устгасан ч үүнийг нь заналхийлэгч этгээдүүд мартаагүй бололтой. Мөн Токио хотод палестинчуудыг дэмжсэн жагсаал болоход П.Пальчик жагсагчидтай сөргөлдөж байв. Гэсэн хэдий ч түүнийг олимпын наадамд багийн тугчаар ажиллуулах шийдвэрээ тус улсын Олимпын хороо өөрчлөөгүй юм.