Зарим тамирчин олимпын наадмын үеэр өөрийн тав тухын үүднээс тамирчдын тосгонд амьдардаггүй. Уг нь ихэнх тамирчин заавал шигшээ багтайгаа хамт байх ёстой. Тэгвэл Бразилын усанд сэлэлтийн шигшээ багийн удирдлага усанд сэлэгч А.Каролина Виейраг гэрт нь хариулах шийдвэр гаргасан байна. Учир нь тэрбээр шигшээ багийн тамирчин, найз залуу Г.Сантосын хамт дасгалжуулагчдаасаа зөвшөөрөл авалгүйгээр шөнийн Паристай танилцахаар нууцаар гарч зугаалсан аж.
Энэхүү явдал долоодугаар сарын 26-нд болсон агаад маргааш нь 22 настай тамирчин бүсгүй 4х100 метрийн чөлөөт сэлэлтэд уралджээ. Уг уралдаанд бразил бүсгүйчүүд 12 дугаарбайр эзэлсэн юм. Гэвч уг уралдааны дараа Каролина Парисаар зугаалсан зургаа нийгмийн сүлжээнд оруулснаар өөрийгөө барьж өгчээ. Тамирчин хос Бразилд маш алдартай учраас энэ тухай мэдээ багийн удирдлагын сонорт тэр даруй хүрсэн нь тодорхой. Гэхдээ дасгалжуулагч нар түүнд зөвхөн сануулга өгөөд өнгөрсөн байна. Учир нь Каролина 4х100 метрийн холимог буухиад оролцох ёстой байсан аж. Гэвч тэрбээр дасгалжуулагч нарын шийтгэлд ихээхэн бухимдаж, тэр даруй Бразил нисэх онгоцны тасалбараа захиалсан гэнэ.
“Усанд сэлэлтийн шигшээ багийн удирдлагын гаргасан шийдвэрийг тамирчин Ана Каролина үл хүндэтгэсэн байдлаар хүлээж авсан. Энэхүү шийдвэрийн дагуу Г.Сантост сануулга өгч, А.Каролинаг багаас хасах шийдвэр гаргалаа. Тэрбээр нэн даруй Бразил руу буцах ёстой” гэсэн албан ёсны мэдэгдлийг тус улсын Олимпын хороо гаргажээ.
Түүнээс өмнө Японы гимнастикийн шигшээ багийн тамирчин Сэко Мията тамхи татсан учраас нутаг буцах шийтгэл хүлээж байсан билээ.