Талбайн теннисний амьд домгууд болох Испанийн Р.Надаль (“Их дуулга” тэмцээний 22 удаагийн аварга), Сербийн Н.Жокович (“Их дуулга”-ын 24 түрүүтэй) энэ удаагийн зуны олимпын наадмын ганцаарчилсан төрөлд таарч өрсөлдлөө. Тэдний 60 дахь удаагийн дуэль хоёр агуу тамирчны сүүлчийн өрсөлдөөн байх магадлалтай учраас Филипп Шатрьегийн нэрэмжит теннисний талбай үзэгчдээр дүүрсэн байв. Хоёр супер од өмнө нь хоорондоо 59 удаа таарч тоглоход 30-д нь Н.Жокович ялж байсан юм. Энэ удаад ч тэрбээр эртний өрсөлдөгчөө 6:1, 6:4-өөр илүүрхэн хожлоо.
ТОГЛОЛТЫН ДАРАА ТЭД ЮУ ХЭЛСЭН БЭ
Н.ЖОКОВИЧ: -20 жилийн дараа яг энэ талбайд олимпын наадмын хүрээнд Надальтай дахин таарч тоглоно гэж 2006 онд огт төсөөлөөгүй. Энэ удаагийн тоглолтыг зөвхөн бид хоёрын өрсөлдөөн гэдэг талаас бус, спортын нэр хүндэд хэрэгтэй гэж харах ёстой болов уу. Биднийтоглолт маш олон хүний анхаарлыг татлаа. Энэ нь талбайн теннисний спортод л хэрэгтэй.
Харамсалтай нь, өнөөдөр Р.Надаль тийм ч сайн формтой байж чадсангүй. Гэхдээ би түүнийг аль болох муу тоглуулахыг хичээсэн. Мэдээж энэ бид хоёрын сүүлийн тоглолт байж болох ч үүнийг баттай мэдэх аргагүй. Энэ нь их олон зүйлээс хамаарна. Бид “Их дуулга” болон өөр том тэмцээнүүдэд оролцохыг хүсэж байгаа. Хоорондын өрсөлдөөн болон энэ спортын төлөө бид өөр өөр талбай болон өөр улсад дахин хэд хэдэн удаа таарч тоглоно гэж маш их найдаж байна. Р.Надаль бол теннис төдийгүй их спортын хувьд маш чухал тамирчин. Тэр олон удаа талбайд гарах тусам бидэнд, спорт сонирхогчдод л хэрэгтэй.
Р.НАДАЛЬ: -Өнөөдөр би түүнийг хүнд байдалд оруулж чадсангүй. Би өөрөө ч чанартай сайн цохилтууд хийсэнгүй. Новак тоглолтын турш тун таатай нөхцөл байдалд, өөртөө итгэлтэй тоглож чадлаа. Түүний тоглолтыг нураахгүй л бол хожих боломж бараг байдаггүй. Түүнийг амаргүй байдалд оруулахын тулд би илүү хичээж, илүү сайн тоглох ёстой байлаа. Гэвч өнөөдөр би тэгж чадсангүй. Тэр тоглолтын эхнээс эцэс хүртэл надаас хавьгүй илүү тоглолоо. Түүнд баяр хүргэе.
Сүүлийн гурван жилд би маш олон удаа гэмтсэн. Хэрэв өндөр түвшинд тоглох боломжгүй, бие маань дийлэхгүй гэж үзэх юм бол зодог тайлна. Гэхдээ энэ талаар би өдөр бүр бодоод байдаггүй. Өнөөдөр бид сүүлчийн удаа тоглосон, эсэхийг хэлж мэдэхгүй нь.