Улсын хэмжээнд өнгөрсөн хавар шатахууны хомсдол үүсэж, түүнийг нь далимдуулан зарим компаниуд хэрэглэгчдийг хохироож байсан билээ. Тухайлбал, “Петровис” ХХК-ийнхан АИ-92 маркийн бензин болон дизелийн түлшээ зөвхөн тус компанийн карт эзэмшигч болон гэрээт байгууллагууддаа худалдаж байсан билээ. Энэ үйлдлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Мөнхбаяр холбогдох хууль тогтоомж зөрчиж байна гэж үзээд 2011 оны зургаадугаар сарын 28-ны дотор хууль бус үйлдлээ зогсоох шаардлага тавьсан аж. Гэвч “Петровис” ХХК-ийнхан уг шаардлагыг биелүүлээгүй учир 2011 оны зургаадугаар сарын 29-нд тус компанийг 10 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн аж.
Харин “Петровис” компанийнхан ШӨХТГ-ын улсын байцаагч М.Мөнхбаярын 2011 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 5/63 тоот албан шаардлага болон 29-ний өдрийн 10 сая төгрөгийн торгуулийг эсэргүүцэж, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дээрх хэргийг 2011 оны арваннэгдүгээр сарын 22-нд анхан шатны журмаар хэлэлцээд “Петровис” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ч дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, улсын байцаагчийн шийдвэр хуульд нийцсэн гэж дүгнэсэн байна. Талууд хэрэв энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын гомдол гаргах эрхтэй бөгөөд эцсийн шийдвэр тэгэхэд гарах юм байна.
Г.РАВЖАА