Монголын шувуу хамгаалах төвийн харьяа шувуу судлалын “Чух” суурингийн судлаачид олон улсад ховордож болзошгүй ангилалд багтсан Азийн цууцил шувуунд сансрын дохиолол бүхий дамжуулагч зүүж, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийх нь талаар мэдээлэл цуглуулж эхэлжээ. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Чух нуур орчимд судалгаа, хяналт мониторинг тогтмол хийдэг тус байгууллагынхан өнгөрсөн тав, зургаадугаар сард 14 зүйлийн 68 бодгаль эргийн, бусад 19 зүйлийн 35 амьтан бөгжилсний дөрөв нь дээрх төрлийн ховор шувуу гэнэ. Эл судалгаа, ажиглалтын үр дүнд Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны ангиллын шалгуураар “Эмзэг” статуст багтсан, Орос, Казахстан, Кени, Узбекистан, Энэтхэг, Хятад, Монгол зэрэг цөөн оронд тархсан ус гатлагч шувууны нүүдэл, шилжилт хөдөлгөөний талаар шинэ баримт, мэдээлэлтэй болох нь.
Үүрлэж, өндөглөхөд тохиромжтой амгалан тайван газар нутаг үгүй болох, гол, нуурын экосистем доголдох, усны түвшин өөрчлөгдөх, гэнэтийн хүйтрэл, үргэлжилсэн борооны давтамж олшрох, үерийн эрсдэл нэмэгдэх зэрэг амьдрах орчноос шалтгаалсан хүчин зүйл нь Азийн цууцилын тоо толгой цөөрөх шалтгаан болдог аж. Тэгвэл Монгол орны зүүн бүсэд хийж байгаа шинэ судалгааны үр дүнгээс нүүдлийн шувуудын амьдрах орчны төлөв байдлыг ч харах боломжтойг судлаачид дурдав.
Бэлтгэсэн Н.Мишээл