Монголын дугуйн холбоо уламжлал болсон уулын дугуйн уралдаануудыг нэгтгэж, цуврал тэмцээн болгон, олон улсын тамирчдыг урьж оролцуулахаар төлөвлөжээ. Үүнд энэ сард болох “Даагаа нэхэх” багтаж байна. Түүнчлэн ирэх сард “Дархан-88” төвийн бүсийн АШТ, есдүгээр сард “Говь гурван сайхан” говийн бүсийн АШТ зохион байгуулах юм. Сүүлийн тэмцээнд нийлбэр дүнгээр түрүүлсэн тамирчин аваргын цамц өмсөж, медаль гардах нь.
Олон улсын дугуйн холбооны БНСУ дахь төвийн энэ сарын 19-нөөс наймдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх сургалтад “Хоршоолол” клубийн дасгалжуулагч Л.Батбаяр, тамирчдаас Э.Сайханбилэг нар хамрагдаж байна. Тэд тус улсад зохион байгуулах дугуйн залуучуудын АШТ-д өрсөлдөх аж.
Дугуйн спорттой холбоотой өөр мэдээ дуулгахад, Монголын дугуйн улсын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Т.Төгөлдөр Парисын олимпод хурд сорих С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, туслах дасгалжуулагч Э.Алтан-Очир нарын хамт Франц руу хөлгийн жолоо залсан. Манай дугуйчид нээлтийн ёслолын дараа буюу энэ сарын 27-нд ганцаарчилсан төрөлд 30, ирэх сарын 3-нд бөөн гараат тэмцээнд 273 км зайд уралдана.