Монгол орны ихэнх нутаг дэвсгэрийг хамарсан цаг агаарын давагдашгүй нөхцөл байдлын улмаас 2023 оны өвөл, 2024 оны хавар цаг агаар хүндэрч сүүлийн тавин жилд тохиогоогүй зудын нөхцөл байдал үүссэн.
НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг есөн аймгийн 72 сумын 4000 гаруй охид, эмэгтэйчүүдэд хүргэж байна.
Хүмүүнлэгийн тусламжийг малчин эмэгтэйчүүдэд хүргэхэд НҮБ-ын Хүн амын сантай Онцгой байдлыг ерөнхий газар хамтран ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэг долдугаар сарын 01-нээс 3-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг, Цагаандэлгэр, Говьсүмбэрийн Сүмбэр, Баянтал, Шивээговь, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг суманд ажиллаж хүмүүнлэгийн тусламж хүргэлээ. Ажлын хэсэг орон нутгийн удирдлагуудтай зудын гамшгаас үүссэн нөхцөл байдал, тусламж дэмжлэгийн талаар болон ирэх өвөл, хаврын бэлтгэл ажлын тухай санал солилцож байна.
НҮБ-ын Хүн амын сан нь өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нөхөн үржихүйн насны охид, эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай эрүүл ахуй, ариун цэврийн хэрэгсэл, бүтээгдэхүүн бүхий багцийг орон нутагт хүргэж эхэлсэн юм.
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нэгдүгээр багийн малчин Д.Энхтуяа “Өмнө нь малчдад НҮБ-аас бэлэн мөнгөний туслалцаа дэмжлэг үзүүлсэн. Энэ удаа хүмүүнлэгийн тусламж гээд дахин ирлээ. Бидэнд өгсөн хайрцагтай эд зүйлсийг харлаа. Өдөр тутмын амьдралд хэрэгтэй, эмэгтэйчүүд, гэрийн эзэгтэйн хамгийн ойрын хэрэгцээний бараа бүтээгдэхүүнүүд байна. Монголын малчин эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж илгээсэн НҮБ-ын доноруудад талархаж байна” гэлээ.
Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сан нь орон нутгийн дотуур байрны өсвөр насны 2000 гаруй охинд эрүүл ахуй, ариун цэврийн багц, гар утасны нэгж, сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэндийг дэмжих мөн хүчирхийллээс сэргийлэх зөвлөгөө мэдээлэл бүхий мэдээллийн товхимлууд тараажээ. Энэ хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд сонгогдсон аймгуудад охид, эмэгтэйчүүдэд зориулан “Аюулгүй орчин” байгуулах юм байна.