Эрүүгийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд Хэнтий, Төв, Говьсүмбэр, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрынхантай хамтран арга хэмжээ зохион байгуулсны дүнд удаа дараа мал хулгайлж байсан этгээдүүдийг баривчиллаа. Сэжигтэн Д.Болдбаатар, Г.Хадбаатар, С.Эрдэнэбат нар Дархан-Уул аймгийн Хонгор, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Говьсүмбэр аймгийн Баянтал, Төв аймгийн Борнуур сум, Орхон аймгийн Жаргалант сумын нутгаас 2011 оны арванхоёрдугаар сарын 15-наас энэ сарын 14 хүртэл долоон удаагийн үйлдлээр 276 тооны бог мал хулгайлжээ. Гэмт этгээдүүд хүн бүл цөөнтэй айлыг сонгон шөнө дөлөөр очиж, хашаа саравчийг нь онгойлгон хонийг нь тууж, хээр амийг нь тасалдаг. Эсвэл машинд ачиж явах замдаа амийг нь таслан гэдэс, толгой шийрийг нь хаядаг байжээ.
ЭЦГ-ынхан “Малчдын хашаа, саравчнаас малыг таслан тууж, 2-10 орчим км холдуулан “зээрчлэн” нядалж, тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөсөн, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эрүүгийн хэргүүдийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг төв орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн хэмжээнд зохион байгуулах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж “Бог мал” хэсэгчилсэн арга хэмжээг энэ сарын 10-наас 21 хоногийн хугацаатай зохион байгуулан ажиллаж байна. Үүний хүрээнд мал хулгайлдаг хэд хэдэн бүлгийг илрүүлэн шалгаж эхэллээ. Сэжигтнүүдийн зарим нь онц хүнд гэмт хэрэгт холбогдож, хэрэг нь шийдвэрлэгдээгүй байсан юм билээ” гэв.
ЭЦГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчидтай хамтран өнгөрсөн амралтын өдөр 04.00 цагийн үед 96-08 улсын дугаартай цагаан өнгийн “Соната-2” маркийн автомашиныг саатуулан шалгаад гэмт этгээдүүд хулгайлж, нядалсан адуугаа ачиж явсныг илрүүлсэн аж. Уг машинд Д.Болдбаатар, Г.Хадбаатар, С.Эрдэнэбат нар сууж явсан бөгөөд тэд Багануур дүүргийн нутгаас хоёр адуу хулгайлан мах, арьсыг нь ачиж, хэргийн газарт, толгой, шийр, гэдэс дотрыг хаясан байжээ. Тэд үүнээс гадна 19 хонины гэдэс дотрыг дээрх байдлаар хаясан байж. Тэдний машинд нарийвчилсан шалгалт хийхэд хоёр адууны махнаас гадна дөрвөн хутга, нэг жижиг сүх, эсгий гутлууд, малын цус юүлдэг аяга, мал нядлахдаа өмсдөг хувцаснууд байсан гэнэ.
Сэжигтэн Д.Болдбаатар нь 14 хүний хамтаар 2007-2010 оны нэгдүгээр сар хүртэл Хэнтий, Дорнод аймаг, нийслэлийн Багануур, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутагт 34 удаагийн үйлдлээр иргэдийг дээрэмдэх, эд зүйл хулгайлах хэрэг үйл дэж 426 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан байжээ. Түүний хэрэг Хэнтий аймгийн Сум дундын шүүхэд хянагдаж байхад ийнхүү гэмт хэрэгт дахин холбогдсон байна. Харин Г.Хадбаатар өнгөрсөн оны нэгдүгээр сарын 25-нд Төв аймгийн Эрдэнэ сумын Дөтлүүр гэх газраас иргэн Ж-ын уяж хурдлуулдаг, хурдан удмын угшилтай 12 адууг хулгайлан хашаандаа аваачиж нядласан хэрэгт шалгуулж байжээ. Тэдний гэмт бүлэглэлд дээрх гурваас гадна Ж.Баярхүү, Ж.Баярмаа гэх ах дүү хоёр, Д.Нармандах, Х.Ганбаатар гэх хүмүүс багтдаг бөгөөд Хэнтий, Говьсүмбэр аймгийн нутгаас таван удаагийн үйлдлээр иргэдийн 61 бог, дөрвөн адууг хээр нядалж, малын хээл, гэдэс дотрыг нь хэргийн газарт хаяж байсан нь тогтоогджээ. Өдгөө дээрх сэжигтнүүдийг УМБГ, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн шалгаж байна.
Малын хулгайн хэрэг буурахгүй байгаа шалтгаан нь малчдын хүн бүл цөөнтэйгөөс гадна хэнэггүй байдалтай ч холбоотой гэнэ. Хоёр адуугаа дээрх хэрэгтнүүдэд алдсан хохирогч Э-ын дүү ЭЦГ-ын газарт ирж, адууныхаа махыг авч байхад нь уулзав. Тэрбээр “ЭЦГ-ын ажилтнууд шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг илрүүлэн саатуулж, бидэнд тус боллоо. Малчдад хандаж хэлэхэд малдаа эзэн нь байж хариулга маллагаатай байхгүй бол гадуур мах үнэд орсон энэ үед хотыг чинь хулгайч нар харлуулахад ойрхон байна. Хулгайч нар мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй, малыг хээлтэй, хээлгүй, хурдан удмынх гэж ялгалгүй авдаг боллоо. Энэ алдсан хоёр адуу хээлтэй байсан. Хулгайч нар нийт дөрвөн адууг маань нэг дор үгүй хийсэн гэсэн үг. Өнөгрсөн жил хулгайч нар манай ахын хурдан удмын азарга, морьд, бүдүүн шарыг нь хүн бүлгүйг нь далимдуулан хулгайлж байсан. Цагдаагийнхан маань хулгайч нарын холбоо, сүлбээг нарийн шалгаж өгөөрэй гэж хүсье” гэлээ.
Г.ЦОЛМОН