Улсын хилээр гаргахыг хориглосон хуш модны их хэмжээний самар бэлтгэж хадгалж байсан монгол хятадын хамтарсан сүлжээний учгаас цагдаагийн байгууллагын ажилтнууд атгажээ. Монгол Улсын Засгийн газраас хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийг хориглосон хугацаагаа сунгасан. Гэвч хөдөө орон нутгийн иргэд самрын ченжүүдэд нууцаар бэлтгэж өгсөөр байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээр самрын далд наймааны үнэ кг нь 3000-5000 төгрөгт хүрсэн аж. Ингэж үнэд орсноос болж, орон нутгийн иргэд самарт явахыг санаархаж буй юм байна. Харин цагдаагийнхан өнгөрсөн амралтын өдрүүдэд нэлээд шаргуу ажиллаж, самар хаана хэн худалдан авч байгааг тогтоохыг зорьсон аж.
Цагдаа нар ч олон хоног мэдээлэл цуглуулсны дүнд зорьсондоо хүрч, хууль бусаар бэлтгэсэн самрыг худалдан авч хадгалж байсан агуулах, түүний эздийг илрүүлжээ. Эх сурвалж “Сонгинохайрхан дүүргийн нутаг, төмөр замын 361-ийн гармаас холгүй, нууц байдалд барьсан агуулахад машинууд нууцаар очиж, юм ачиж байхаар нь шалгаад илрүүллээ. Хууль бусаар самар бэлтгэж байна гэдэг маань Монголын баялагийг хууль бусаар БНХАУ руу гаргадаг нууц сүлжээ буйг илтгэж байна. Тиймээс цагдаагийнхан энэ төрлийн хэрэгтэй ганцаараа бус тагнуулын болон олон нийтийн байгууллагаас мэдээлэл авч ажиллахад илүү үр дүнд хүрэх болов уу. Уг нууц агуулахад пиг дүүрэн самар чихсэн байсныг манайхан жинлэж үзэхэд 30 тн гаруйд хүрсэн” гэв. Цагдаагийн ажилтнууд 30 тн самрыг ЦЕГ-ын дэргэдэх битүүмжилсэн эд хөрөнгийн агуулахад зөөж авчирсан бөгөөд самар худалдан авч байсан Б гэх залууг сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр уг 30 тн-оос гадна өөр их хэмжээний самар ч шалгалтын явцад илэрч болзошгүй. Мөн монголчуудад мөнгө өгч самар бэлтгүүлж байсан БНХАУ-ын 2-3 иргэн ч тогтоогдож эхэлсэн гэнэ.
Г.РАВЖАА