Увс аймгийн Тэс суманд хэд хоногийн өмнө хоёр айлын хоттой хонийг өвөлжөөтэй нь шатаасан хэрэг гарчээ. Тус сумын малчин Х болон түүний дүүгийн 360 гаруй мал галд өртсөнөөс 40 гаруй нь үхэж, олон мал түлэгдэн амьдрах чадваргүй болжээ.
Түймрийг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангийнхан унтрааж, галын шинжээч үзлэг хийж, санаатай үйлдэл болохыг тогтоосон байна. Түймрийн улмаас 29 сая шахам төгрөгийн хохирол учирч, хоёр айл өвөлжөөгүй болжээ.
Хэдийгээр хүн түлэгдэж, гэмтээгүй ч цөөнгүй малаа алдсан малчид сэтгэл санааны хүнд байдалд орсон гэнэ. Цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд хэрэгт одоогоор хэн нэгнийг сэжигтнээр татаагүй юм байна.
Х.СҮРЭН